Месси, Суарес нартай дахин хамт тоглох тухайгаа Неймар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-01-08 17:00:27

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 8 /Anadolu/. Бразилын хөлбөмбөгчин Неймар Барселона” клубт хамтдаа хүчин зүтгэж байсан андууд болох Лионель Месси, Луис Суарес нартайгаа “Интер Майами” клубт дахин хамт тоглож магадгүй тухай мягмар гарагт үг цухуйлгажээ. Ингэснээр Европын хөл бөмбөгийн ертөнцөд хэдэн улирлын турш ноёрхож байсан алдарт гурвал дахин нэгдэж магадгүй байна. 


Неймар CNN телевизэд ярилцлага өгөх үеэрээ, тэдэнтэй хамт дахин талбай дээр тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Мэдээж Месси, Суарес нартай хамт дахин талбайд гарах нь үнэхээр гайхалтай байх болно. Тэд бол миний найзууд. Бид одоо ч бие биетэйгээ холбоотой байдаг” гэж тэрбээр ярьсан байна.


“Бидний гурвал эргэн нэгдэх нь сонирхолтой байх болно. Би Аль-Хилалд хүчин зүтгэж байгаа, би Саудын Арабад аз жаргалтай байгаа, гэхдээ цаашид юу болохыг хэн мэдлээ. Хөл бөмбөг гэнэтийн зүйлээр дүүрэн байдаг шүү дээ” гэж Неймар ярьсан байна.


2017 онд Неймар Пари Сен-Жермен” рүү шилжин тоглохоос өмнө Месси, Суарес, Неймар нар “Барселона”-гийн алдартай гурвал байсан билээ. Месси, Суарес нар дахиад хэдэн улирал хамт тоглосон боловч хожим нь Суарес Атлетико Мадрид” руу шилжсэн юм. Тэд 2024 онд Интер Майами”-д эргэн нэгдсэн бол Неймар Саудын Арабад тамирчны замналаа үргэлжлүүлж байна.


Бразилын бүх цаг үеийн мэргэн бууч /79 гоол/ Неймар 2023 онд Пари Сен-Жермен”-ээс 93 сая ам.доллароор шилжсэнээсээ хойш Аль-Хилалийн төлөө ердөө долоохон тоглолтод оролцсон бөгөөд бэртлийн улмаас ихэнх цагийг сэлгээнд өнгөрүүлж байгаа юм. Түүний Аль-Хилал багтай байгуулсан гэрээ ирэх зургаадугаар сард дуусна.


Өдгөө 32 настай Неймар 2026 оны ДАШТ-нд оролцох хүсэлтэй байгаагаа хуваалцаж, энэ нь түүний хувьд уг тэмцээнд оролцох сүүлчийн боломж гэдгийг хэлсэн байна. Энэ бол миний хувьд сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, миний сүүлчийн цохилт, сүүлчийн боломж гэдгийг би мэдэж байгаа, энэ тэмцээнд оролцохын тулд чадах бүхнээ хийх болно гэж тэрбээр ярьжээ.


Өмнөд Америкийн урьдчилсан шатны тоглолт дуусахад зургаан тойрог дутуу байгаа энэ үед Бразил 18 оноотойгоор хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна. 2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг Канад, Мексик, АНУ-ын 16 хотод зохион байгуулах бөгөөд түүхэнд анх удаа гурван улс хамтран зохион байгуулах юм.

 


Холбоотой мэдээ