Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийг Говь-Алтай аймагт байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өргөтгөсөн багийн хамт Говь-Алтай аймагт өнөөдөр ажиллаж байна.
Тэрбээр орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр хэлэхдээ,
“Говь-Алтай аймаг нийгмийн эрүүл мэндийн бодлогыг түлхүү анхаарч байгаа нь сайшаалтай. Иймд Нийгмийн эрүүл мэндийн төвийн жишиг төвийг Говь-Алтай аймагт байгуулах нь зүйтэй юм” хэмээн жишиг төв байгуулах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын уламжилсны дагуу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах, явуулын туулах чадвар сайтай иж бүрэн тоноглосон авто машин олгохоор боллоо. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 20 багийн эмчийг авто машинаар хангана гэдгээ илэрхийллээ.
58 мянган хүн амтай тус аймаг 2025 оныг иргэдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх уриан дор “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан.
Иргэн бүрийг эрүүл мэнддээ анхаардаг, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлдэг дадал хэвшилтэй болгох зорилгоор орон нутгийн бодлого шийдвэрт тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал,
-Сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар хүртээмжийг сайжруулж, нэгдсэн эмнэлэгт гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг мэс засал, эмчилгээний сүүлийн үеийн арга технологийг нэвтрүүлэх,
-Амбулаторийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээг иргэдэд ээлтэй, чанартай хүргэх,
-Эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулж, гадаад, дотоодод эмч нарыг мэргэжил дээшлүүлэхэд онцгой анхаарах,
-Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд орон сууцны дэмжлэгийг жил бүр үе шаттайгаар зохион байгуулах
-Ажлын үр дүнгээр урамшуулал олгох зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд төлөвлөөд байгаа тухай Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат онцлон мэдээлсэн юм.
Тэрбээр Говь-Алтай аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт болоод эрүүл мэндийн салбарт хийсэн хөрөнгө оруулалт, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар танилцуулж, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, салбарын эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудалд түлхүү анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эмнэлгийн төвлөрсөн тусламж үйлчилгээнээс үүдсэн ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг багасгах “Төвлөрлийг сааруулах” бодлого улсын хэмжээнд хэрэгжиж байна. Энэ нь аймгуудын нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, цаашлаад эмчилгээ үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, Улаанбаатар хотыг зорих иргэдийг тухайн орон нутагт нь эмчлэх бодлого юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбар байгууллагын төлөөлөл, эмч мэргэжилтнүүд, төрийн албан хаагч, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж бүсчилсэн хөгжилтэй уялдуулан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа “Төвлөрлийг сааруулах” бодлого, “Хавдрын нэгдсэн бодлого”, “Монголд эмчилдэггүй өвчнийг бууруулах” бодлого, “Эмийн чанар хүртээмж”-ийг сайжруулах нэгдсэн бодлого, “Эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” зэрэг бодлогын ажлуудаа мөн танилцууллаа. Үүний сацуу Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан юм.