Бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу ихсэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУлирлын чанартай хүүхдийн томуу, томуу төст өвчин болон амьсгалын цочмог халдварт өвчин нэмэгдэж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Төв аймгийн хэмжээнд 0-5 насны хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчин 3667 байгаагаас амьсгалын замын цочмог халдварт өвчин 3273 буюу 89.3 хувийг эзэлж байна.
Үүнээс гадна томуу, томуу төст өвчин нь суулгалт өвчинтэй хавсарч явагдаж байгаа бөгөөд эцэг эхчүүд дур мэдэн эмчилснээс хүндрэх тохиодол багагүй гарч байгааг хүүхдийн зөвлөх эмч Ц.Байгальмаа хэллээ.
Эцэг эхчүүд хүүхдээ ажиглаж ханиад томуун эхний шинж тэмдэг эхэлсэн үед дур мэдэн эм өгөхөөс татгалзах хэрэгтэйг анхааруулж байна. Харин аль болох аньс, нэрс, чацаргана, аарц зэргийг тогтмол өгч хүүхдийнхээ дархлааг нь сайжруулахыг сануулж байна. Хүүхэд өдөрт гурав буюу түүнээс дээш шингэн алдсан тохиолдолд суулгалт гэж үзэх ба шингэн сэлбэх давсны уусмал буюу “оралаят” хросолыг 200 мл бүлээн усанд найруулж 50-200 мл-ээр бага багаар өгөх бөгөөд энэ үед яаралтай эмчид хандахыг аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч нар зөвлөж байна.
Мөн хүүхдийн байгаа орчинд байнга чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байх шаардлагатай. Хамгийн гол нь хүүхдээ агаараар эрүүлжүүлэх нь үр дүнтэй төдийгүй олон нйитийн газраар авч явалгүй байнгын асарч сувилан дархлааг нь дэмжиж байхыг эцэг эхчүүддээ хандан албаны хүмүүсээс зөвлөж байна. Хэрэв анхааралгүй хандвал таны хүүхэд ханиад хүрсний дараа хүндэрч олон сөрөг үр дагаваруудыг дагуулж болохыг эмч мэргэжилтнүүд санууллаа.
Т.Есүхэйтөмөр