Өсвөрийн шилдэг тамирчдыг урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-21 18:16:15

Оны эхний хагаст Олон улс, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан Баянхонгор аймгийн өсвөрийн тамирчид, дасгалжуулагч нарыг шагнаж урамшууллаа.

Азийн хүүхдийн их наадмын чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Б.Хонгорзул, мөнгөн медаль хүртсэн Т.Цээням, хүрэл медаль хүртсэн М.Пүрэвтунгалаг, Э.Бямбадорж, Э.Батмагнай, Ө.Пүрэвсүрэн, жудо бөхийн төрөлд алтан медаль хүртсэн Л.Сосорбарам, хүрэл медаль хүртсэн А.Бадамгарав, Даамны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан Т.Анужин, хүрэл медаль авсан Шинэбаяр, С.Гандиймаа, Б.Билгүүндарь, Б.Түмэннаст, Дэлхийн хүүхдийн их наадмын сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртсэн Л.Өсөхбаяр, хүрэл медаль хүртсэн Н.Мөнхчөдөр нарын өсвөрийн тамирчид, тэднийг дасгалжуулсан Л.Лувсандэмбэрэл, Г.Сүхбат, С.Мөнхдуулдах нарын 20 хүнийг шагнаж, нийтдээ 20 орчим сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосон байна.

Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлсэн үгэндээ, “Миний бие аймгийн Засаг даргын ажлыг авснаас хойш хүүхэд, залуучуудын спортын үйл хэргийг дэмжих үүднээс 50 гаруй сая төгрөгийг дотоод бэлтгэл сургуулилт, гадаадын тэмцээн уралдаанд явахад дэмжлэг үзүүлэхээр олгоод байна. Удахгүй 2018 онд Дэлхийн хүүхдийн спортын их наадам, 2020 онд олимп болно. Тийм учраас эдгээр томоохон тэмцээн уралдаанд хүүхэд залуусаа амжилттай оролцуулах үүднээс аймаг, орон нутаг бодлогоор болон хөрөнгө санхүүгээр дэмжин ажиллаж байна" гэлээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргалыг Баянхонгор аймагт олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир спортын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монголын Үндэсний Олимпийн Хорооны алтан медалиар шагнасныг Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Батсүрэн гадруулав.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Өсвөр үеийн шигшээ баг, тамирчид энэ оны есдүгээр сарын байдлаар эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг, гандбол, чөлөөт бөх, жүдо бөх, бокс, ширээний теннис гэсэн төрлүүдээр УАШТ, ОУАШТ, АТАШТ, ДАШТ-үүдэд оролцож амжилт үзүүлжээ. Медалийн хувьд 29 алт, 44 мөнгө, 16 хүрэл, нийт 89 медалийг тив, дэлхийн чанартай тэмцээн уралдаанаас авсан байна.

                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ