С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-21 11:19:33

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэлсэн.


Уг тэмцээнийг “Москва-1980” олимп болон “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит болгосноороо онцлогтой бөгөөд Лос Анжелесын олимпийн циклийн эхний УАШТ-д  22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байгаа юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гавьяат цолтон дөрөв, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальтай 10 тамирчин өрсөлдөж байна. Түүнчлэн хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тамирчид оролцжээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд шинэ аварга төрсөнгүй. Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн холбооноос Д.Оюунболд агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав.  Харин Д.Оюунболд агсны үүсгэн байгуулсан “Хангай” клубийн үе үеийн тамирчдын төлөөлөл багшийнхаа гэр бүлд мөн хүндэтгэл үзүүлсэн юм.


Эхний өдөр болсон долоон жингийн барилдааныг тоймлон хүргэе. Эмэгтэйчүүдийн 53 кг-д үзэгчдийн таамагласнаар олон улсын хэмжээний мастер Ч.Отгонтуяа, Ц.Намуунцэцэг нар финалдлаа. Ц.Намуунцэцэгийн хувьд жин өгсөж барилдсан ч өрсөлдөгчдөө туршлагаар илүүрхсээр алтан медалийн төлөө шалгарсан. Гэвч финалд “Алдар”-ын Ч.Отгонтуяа түүнийг 9:8-аар хожиж, УАШТ-д хоёр дахиа түрүүлэв. Энэ жинд Б.Халиун хүрэл медалиар энгэрээ мялаажээ. 62 кг-ын жингийн финалын барилдаан бөхийн өргөөнд цугласан үзэгчдийг шуугиулав. Тэд өнгөрсөн жил “Буянт-Ухаа” спортын ордонд үзэгчдийг бас л шуугиулж, П.Орхон ялагчөөр тодорч байлаа. Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, 16:15-аар С.Цэрэнчимэд гавьяат УАШТ-д долоо дахиа түрүүлэх нь тэр. Тэгвэл “Баянгол Аваргууд” академийн тамирчин Э.Саруул өрсөлдөгчөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүв. Харин 76 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасанд хавьтах өрсөлдөгч байсангүй. Тэр УАШТ-ээс дөрөв дэх алтан медалиа хүртэхдээ өрсөлдөгч нартаа нэг ч оноо алдсангүй, бас бүх учраагаа цэвэр ялав. Түүний жинд Г.Уртнасан улсын аваргаас дөрөв дэх, харин О.Цэлмүүн анхны медалиа авлаа.


Эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ хоёр жил дараалан түрүүлсэн бол 61 кг-д Т.Түвшинтулга харих болоогүй гэдгээ харуулж, долоо дахь алтан медалиа гардлаа. Түүнчлэн 65 кг-д Б.Цогбадрахыг ялах өрсөлдөгч дотооддоо одоогоор байхгүй гэдэг нь энэ жилийн тэмцээнээс харагдав. Тэр дөрөв дэхээ түрүүлэхдээ өрсөлдөгчөө цэвэр дарсан. Мөн гавьяат тамирчин Т.Тулга дээд жиндээ барилдсан ч түүртэлгүй түрүүлсэн юм. 


Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 79, 86, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.










Холбоотой мэдээ