Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-01-21 15:10:23

МЕЛЬБУРН, 2025 оны нэгдүгээр сарын 21 /BBC/. Сербийн теннисчин, Их дуулга-ын 24 удаагийн аварга Новак Жоковичоос Австралийн телевизийн нэгэн нэвтрүүлэгч уучлал гуйжээ.


Телевизийн “Channel Nine сувгийн хөтлөгч Тони Жонс баасан гарагт Австралийн нээлттэй тэмцээнийг шууд дамжуулж байхдаа Новакийг хэт өндрөөр үнэлж ирсэн, түүнийг хөөж явуул” хэмээн хашгирсан байна.


Н.Жокович ням гарагт дөрөвдүгээр тойрогт Иржи Легечкаг хожсоныхоо дараа талбай дээр ярилцлага өгөхөөс татгалзсан учир нь “Channel Nine” суваг тэмцээнийг албан ёсоор дамжуулж байгаатай холбоотой байжээ.


Сербийн теннисчин хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Т.Жонс Сербийн шүтэн бишрэгчдийг тохуурхаж, намайг доромжилсон тайлбар хийсэн гэжээ. Өдгөө 37 настай тэрбээр “энэ бол миний хувьд маш таагүй байсан” гэж нэмж хэлсэн байна.


Т.Жонс даваа гарагт Channel Nine сувгаар мэдэгдэхдээ, баасан гаргийн орой хошигнож хэлсэн үгнээс нь болж ийм нөхцөл байдал үүссэнд урам хугарч байгаагаа илэрхийлээд. Н.Жоковичийн баг миний хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгааг би бямба гаргийн өглөө олж мэдсэн даруйдаа түүнээс уучлал гуйсан гэжээ. Channel Nine мөн хүлцэл өчиж, Новак болон түүний шүтэн бишрэгчдийг ямар нэгэн байдлаар хохироох зорилго агуулаагүй байсан гэдгээ учирлажээ.


Австралийн нээлттэй тэмцээний 10 удаагийн аварга Н.Жокович мягмар гарагт шөвгийн наймд дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Карлос Алкарастай тоглоно.


Австрали дахь Сербийн зөвлөлийн зүгээс Т.Жонсын хэлсэн хэлсэн үгийг “доромж утгатай, арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан, серб гаралтай австраличуудыг ялгаварлан гадуурхахыг өдөөн хатгасан” гэж мэдэгдэж, түүнийг ажлаас нь халахыг уриалжээ.  

 


Холбоотой мэдээ