“Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан 19 дэх жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-21 16:27:17

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” компанитай хамтран зохион байгуулдаг “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 25-нд болно.


2006 оноос хойш тогтмол зохион байгуулдаг эл барилдаан 19 дэх жилтэйгээ золгож байна. Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг энэхүү барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч байсан бөхчүүдээс улсын аварга гурав, заан дөрөв, харцага хоёр, начин 12 төрсөн байдаг бол гарьд, арслан цолтон төрөөгүй байна.


Өнгөрсөн жилийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруул аймгийн арслан цолтойтоо түрүүлж, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэж байсан юм. Улмаар Л.Энхсаруул тухайн жилдээ улсын цолны босго давсан билээ. Тэгвэл 2023 оны Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат улсын начин Д.Төрболд аймгийн хурц арслан байхдаа түрүүлсэн юм.


Хэвийн боовны баярт зориулсан барилдаан 2019, 2020, 2021 онд тасалдаж байжээ. 

Холбоотой мэдээ