БАЯНХОНГОР: "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэгч байгууллагыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-23 11:41:37

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Боловсролын газар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага шалгаруулах болзолт уралдааныг зохион байгууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг өдөр бүр сүүгээр хангах "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан. Энэ хүрээнд “Өдөр бүр сүү уух ач холбогдол"-ыг сурталчлан таниулах, сүү уух соёл төлөвшүүлэх, орчин нөхцөлийг бүрдүүлэн эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, тэднээс гарсан шинэлэг санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлэгч шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулах болзолт уралдааныг аймгийн хэмжээнд зарласан юм.


Уралдаанд Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль, Баянхонгор сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Баянхонгор сумын 14 дүгээр цэцэрлэг, Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэгүүд шилдгээр шалгаран шагналаа гардан авлаа. Удахгүй "Өдөр бүр сүү" үйл ажиллагааг эрчимжүүлэх болзолт уралдааны хоёрдугаар хэсэг зарлагдах юм.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1-12 дугаар ангийн 21 бүлгийн 566 сурагчийг хамруулж буй. Сургуулийн захиргаанаас удирдамж гарган, эмчээр ахлуулсан ажлын баг хяналт тавьж тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн удирдамжийн дагуу бага анги даваа, лхагва, баасан, дунд ахлах анги мягмар, пүрэв гарагт сүү ууж хэвшжээ. Нэг ангийн сурагчид нэг өдөрт 3-6 литр сүү, нэг хүүхэд 120-250 гр сүү хэрэглэж байгаа бөгөөд энэ жишгээр уухад нэг анги сард 18-40 литр сүү зарцуулж байна.
Холбоотой мэдээ