БУЛГАН: Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор замдаа гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-01-24 16:31:58

Булган, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Дронокон-2025" улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцохоор өсвөрийн "Хурдан" багийнхан замдаа гарлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.


Тус тэмцээнд Булган аймгийн Засаг даргын дэргэдэх "Хурдан" клубийн 10 гишүүн, зөвлөн чиглүүлэгчээр Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн ажилтан Н.Ганцолмон нар оролцохоор өнөөдөр Улаанбаатар хотыг зорилоо.  


“Хурдан” клубийг 2024 оны 12 дугаар сарын 26-нд Булган аймгийн Засаг даргын дэргэд 100 гишүүнтэй Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэдээллийн технологи, цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор албан ёсоор байгуулсан байна.


Тус клубийг байгуулснаар сурагчид төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авахаас гадна үе тэнгийн дээрэлхэлт болон цахим орчин дахь дээрэлхэлтэй холбоотой асуудлыг дамжуулах, мэдээлэх, эцэг, эх, асран хамгаалагчид, дотны хүмүүсээ цахим гэмт хэрэг, залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх “Цахим элч” болгон бэлдэж, ирээдүйн мэргэжил боловсролоо сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх юм.








Холбоотой мэдээ