БУЛГАН: Бүсчилсэн хөгжлийн тулгуур сумдын үйлдвэрлэлийг иргэдийн санал хүсэлтээр хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ш.Насандуламаар ахлуулсан ажлын баг Рашаант Гурванбулаг Могод суманд ажиллажээ.
Ажлын баг төрийн болон төрийн
бус байгууллагын албан хаагчид, иргэдтэй уулзаж, иргэдийн
санал хүсэлтийг авах, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдаж буй
асуудлыг тодорхойлохоор ажилласан байна.
Иргэд аймгийн стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөрт санал хүсэлтээ оруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлүүлэх, нээлттэй ярилцах хүсэлт их байсан бөгөөд Могод сумын 7 иргэн 32 санал, Гурванбулаг сумын 5 иргэн 22 санал, Рашаант сумын 7 иргэн 27 саналаа дэвшүүллээ. Дээрх сумдад нийт 344 иргэнтэй уулзалт зохион байгуулсан байна.
Иргэд өөрийн сумандаа засмал зам, дэд бүтэц байгуулж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд төрөөс дэмжих онцгой шаардлагатай байгааг олон давтамжтайгаар санал гаргалаа. Мөн хүнсний эрүүл ахуй, халуун ус, цэвэр усны стандарт, үерийн далан зэрэг сумандаа тулгарч буй асуудлуудаа хэлэлцлээ.
Аймгийн ИТХ-ын дарга болон ажлын алба дээрх 81 асуултад багтаа, сумандаа шийдвэрлэж болох, аймаг хэлэлцэж хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгах асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Ажлын багийн бүрэлдэхүүнд ИТХ-ын дарга Ш.Насандулам, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюунчимэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны дарга Б.Дэлгэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүн П.Нэргүй, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Эрх зүй, ёс зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн Б.Жавзмаа, ИТХ-ын Хуралдаан, зөвлөл, шийдвэрийн биелэлт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Энхжин ИТХ-ын ажлын албаны хороо, төлөөлөгч, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Тэгшжаргал нар ажиллалаа.
Рашаант сум нь 3202 хүн амтай, 180604 толгой малтай. 1820 хавтгай дөрвөлжин км газар нутагтай, Булган аймгийн төвөөс 190 км, Улаанбаатар хотоос 258 км зайтай. Гурванбулаг сум нь 3206 хүн амтай, 300922 толгой малтай. 2686 хавтгай дөрвөлжин газар нутагтай. Булган аймгийн төвөөс 150 км, Улаанбаатар хотоос 270 км зайтай. Могод сум 2680 хүн амтай, 315732 толгой малтай. 1820 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Булган аймгийн төвөөс 131 км, Улаанбаатар хотоос 340 км зайд оршдог.
Булган аймаг 16 сумаа бүсчилсэн хөгжилд хувааж Дашинчилэн, Хишиг-Өндөр, Булган, Хутаг-Өндөр гэсэн 4 сумыг бүсчилсэн хөгжлийн тулгуур сумаар тодорхойлсон юм.