Итали улс 2028 оны Залуучуудын өвлийн Олимпыг зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРОМ, 2025 оны нэгдүгээр сарын 31 /NBC/. Итали улс 2028 оны Залуучуудын өвлийн Олимпыг хойд нутагт орших Альпийн нурууг дамнан зохион байгуулахаар боллоо.
“Доломити-Валтеллина-2028” наадам нь залуучуудын тав дахь өвлийн наадам болох бөгөөд өмнөх наадмуудыг 2012 онд Австрийн Инсбрук, 2016 онд Норвегийн Лиллехаммер, 2020 онд Швейцарын Лозанн, 2024 онд Өмнөд Солонгосын Канвонд зохион байгуулжээ. Ингэснээр 2026 онд Милан-Кортинагийн өвлийн Олимпыг зохион байгуулах Итали улс зуны эсвэл өвлийн Олимпын дараа шууд залуучуудын зуны эсвэл өвлийн Олимпыг зохион байгуулсан анхны улс болох юм.
Өнгөрсөн долоодугаар сард Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ Италийг 2028 оны Залуучуудын Олимпыг зохион байгуулах боломжтой орноор нэрлэж, Италийн Үндэсний Олимпын хорооны төлөөлөгчдийг хэлэлцүүлэгт урьсан байна. Дараа нь 12 дугаар сард Италийн хүсэлтийг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс санал болгосон бөгөөд пүрэв гарагт Лозанн хотод болсон ОУОХ-ны чуулганы үеэр санал хураалт явуулжээ.
2028 оны залуучуудын Олимпын 11 тэмцээний долоог нь 2026 оны Милан-Кортинагийн Олимпын тэмцээнүүд болох газарт зохион байгуулах ажээ. Италийн тамирчид 2024 оны Залуучуудын өвлийн Олимпоос хамгийн олон буюу 11 алтан медаль хүртсэн юм.