ХӨВСГӨЛ: Монголын хамгийн том чулуун соёмбо Чандмань-Өндөр сумын нутагт бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-04 12:14:58

Мөрөн, 2025 оны  хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс баруун урагш 18 км зайд, Цэгэрийн голын хойд Балжирлхүндэв уулын нар ээсэн энгэрт өндөр нь 56 метр, өргөн нь 21 метр гурван өнгийн чулуугаар бүтээсэн Монголын хамгийн том чулуун соёмбо бий.


Соёмбыг одоогоос 300 орчим жилийн тэртээ Аригийн хүрээнд сууж, лам болоод хожим өөрийн дуган бүтээж, олон шавьтай болсон нутаг усандаа улаан Дүвчин хэмээн хүндлэгдэж явсан Цэнд-Аюуш буюу Аюуш лам шавь нарынхаа хамтаар бүтээжээ.


Соёмбын чулууг үхэр тэргээр зөөж Норовбадраа буюу Чандмань хүрээнд байрлуулж, гадна хэсгийг улаан, хөх чулуугаар доторх хэсгийг Аригийн голын цагаан чулууг газарт шигтгэн хийжээ.

 

Улаан Дүвчин Аюуш лам Соёмбын ойролцоо дугандаа шавь нарын хамт ном хурж буян үйлдэж байсан бөгөөд түүнийг насан өөд болоход шавь нар нь Соёмбын доод талд чандар болгон бунхалсан гэсэн яриа нутгийн иргэдийн дунд одоог хүртэл байдаг юм.

 

Холбоотой мэдээ