Карлсений тэмцээнд оролцох шатарчдад ФИДЕ шаардлага тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-02-04 17:17:09

МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 4 /РИА Новости/.  Freestyle Chess Grand Slam Tour форматаар явагдах тэмцээнд оролцохыг хүсэж буй шатарчид ФИДЕ-гийн дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх эрхээ хадгалахын тулд ДАШТ-ий өөр хувилбарын тэмцээнүүдэд оролцохоос татгалзаж байгаагаа илэрхийлсэн баримт бичигт хоёрдугаар сарын 4-нөөс өмнө гарын үсэг зурах ёстой гэж Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/ мэдэгджээ.


ФИДЕ болон дэлхийн 16 дахь аварга М.Карлсений үүсгэн байгуулсан Freestyle Chess Grand Slam Tour холбоо хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрч чадаагүй байна. Учир нь, шинээр бий болсон форматаар ДАШТ-ийг зохион байгуулахыг ФИДЕ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэмцээний хуанлигаа дагаж мөрдөхийг эрмэлзэж байгаа юм. Улмаар Карлсен ФИДЕ-гийн ерөнхийлөгч Аркадий Дворковичийг огцрохыг уриалсан байна.


“Freestyle Chess Tour тэмцээнд оролцохыг хүсэж буй тоглогчид Төв Европын цагаар 2025 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 18:00 цагаас өмнө өөр ДАШТ-нд оролцохоос татгалзснаа илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурах ёстой. Ингэснээр ФИДЕ-гийн зохион байгуулдаг ДАШТ-ий албан ёсны мөчлөгт хамаарах тэмцээнүүдэд оролцох эрхээ хадгалах боломжтой. Өөр шинэ шаардлагуудыг шатарчдад тавихгүй бөгөөд ФИДЕ-гийн өмнө хүлээсэн гэрээний үүргээс нэг удаа чөлөөлөгдөх боломжийг олгоно” гэж ФИДЕ-гийн мэдэгдэлд дурджээ. 


Freestyle Chess Tour бол “Фишерийн шатар” форматаар явагдах цуврал тэмцээн бөгөөд хамгийн олон оноо авсан шатарчин дэлхийн аваргаар тодорно. Тэмцээний ийм хэлбэрийг М.Карлсен, Германы хөрөнгө оруулагч Ян Хенрик Бюттнер нар санаачилжээ. 

Холбоотой мэдээ