ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярт 10 орны 100 орчим зочин хүрэлцэн иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Түмэн тэмээний баяр-2025” говийн өвлийн их наадмыг хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа.
Уламжлалт баярыг 26 дахь удаагаа зохион байгуулж, 6 аймгийн 21 сумын малчид
оролцсон бол гадаад, дотоодын 10 гаруй орны 100 орчим тэмээний мэргэжилтэн, зочид
төлөөлөгчид зорин ирж үзжээ.
Түмэн
тэмээний баярын гол зорилго бол тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээний
ноос, сүү сүүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж тэмээчдийг тогтмол
орлоготой болгох юм.
Тэгвэл тэмээний баярын үеэр “Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Өмнөговь
аймгийн хэмжээнд жилд 15-20 мянган ингэ ботголдог. Одоогоор ингэнээс гарч
байгаа сүүнийхээ 10 гаруй хувийг саалинд хэрэглэдэг. Харин аймгийн хэмжээний
хэрэгцээнд 50 хувьд хүргэн ашиглавал 60 тэрбум төгрөг эргэлдэх боломжтой
байгааг мэргэжилтнүүд үзсэн талаар аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ ярилаа.
Мөн баяр угтан ингэний айргийн баяр үзэсгэлэн худалдааг
зохион байгуулж, 5 аймгийн
120 бизнес эрхлэгч, 50 ААНБ оролцжээ. Үүнээс
зөвхөн сүү, цагаан идээний борлуулалт 78.2 сая төгрөг болжээ.
Баярын
хүрээнд “Сайхан тэмээтэй хос”, “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, “Шилмэл
ингэ, буур” шалгаруулах, “Хурдан тэмээний уралдаан” зэрэг 20
гаруй уралдааныг зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмээтэй
буухиа уралдааны тэргүүн байрт Х.Жавхлантөгс ахлагчтай Баяндалай сумын Наран-2
баг, дэд байрт С.Мягмар ахлагчтай Ханхонгор сумын Өгөөмөр баг, гутгаар байрт
Б.Занданшатар ахлагчтай Гурвантэс сумын Гурвантэгш баг, тусгай байрт Б.Баянмөнх
ахлагчтай Дорноговь аймгийн Дорноговь баг тус тус шалгарчээ.
Харин
тэмээтэй буухиа тэмцээнд тэргүүн байрт Ханхонгор сумын Ж.Шинэбат ахлагчтай
Идэржинчид баг, дэд байрт Ж.Ганхүү ахлагчтай Булган сумын Дал баг, гутгаар байрт
Б.Отгонбилэг ахлагчтай Номгон сумын Номгон баг, тусгай байрт Ханхонгор сумын
Б.Болорбат ахлагчтай Өгөөмөр баг шагналт байр эзэлжээ.
Поло тэмцээнд 12 багийн 60 тамирчин өрсөлдөж тэргүүн байрт Дорноговь аймгийн Ц.Баярхүү ахлагчтай баг, дэд байрт Ханхонгор сумын М.Нэргүй ахлагчтай баг, гутгаар байрт Манлай сумын Н.Доржчулуун ахлагчтай Өгөөмөр багийн тамирчид тэргүүллээ.
Түмэн тэмээний баярын зочдын үзэх дуртай үйл ажиллагааны нэг “Тэмээтэй сайхан хос” тэмцээний тэргүүн байрт Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Б.Болорбат Д.Ренцэнханд, дэд байрт Мандал-Овоо сумын Баянхошуу багийн малчин Х.Отгонсүрэн Б.Эрдэнэтуяа, гутгаар байрт Хүрмэн сумын Жанжин багийн малчин Б.Хадбаатар Б.Батцэцэг, дөрөвдүгээр байрт Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Ө.Батзаяа Г.Нэргүй, тавдугаар байрт Баяндалай сумын Наран багийн Ц.Борхүү Б.Мөнхцэцэг нар тодорсон байна.