ӨВӨРХАНГАЙ: Орон нутагт бэлтгэгдсэн анхны сувилагчид дипломоо гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн
сувилагчийн дипломын боловсролыг аймагтаа эзэмшсэн оюутнууд өнөөдөр төгсөлтөө
хийлээ.
Аймгийн эрүүл мэндийн салбарт дутагдалтай байгаа сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор 2022 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдорж, БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан нар АШУҮИС-д хандан сувилагчийн ангийг аймагтаа нээх санал тавьж байжээ.
Тус сургуулийн захирал, профессор Н.Хүрэлбаатар, Сувилахуйн сургуулийн захирал, АУ-ны доктор Б.Оюунгоо нар хүсэлтийг хүлээн авч, санал солилцоод аймгийн Политехникийн коллежийг түшиглэн хоёр ангийг нээж байв.
Тухайд үед 63 оюутан элсэж байснаас 46 нь 2.6 жил амжилттай суралцан төгсөж, сувилагчийн тангаргаа өргөн дипломоо гардан авлаа. “Аймгийн эрүүл мэндийн салбарын 97 жилийн түүхэнд анх удаа 46 сувилагчийг орон нутагтаа бэлтгэж төгсгөлөө. Тэдгээрээс улаан дипломтой төгссөн гурван сувилагч болон нэг эрэгтэй оюутнаа аймгийн БОЭТ ажлын байраар хангаж байгаа” хэмээн захирал Г.Дашжанцан хэлэв.
Төгсөлтийн баярт АШУҮИС-ийн ректор, анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж, Монгол Улсын Гавьяат багш, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар тэргүүтэй сургуулийн баг ирж оролцон төгсөгчдөд баяр хүргэлээ.
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын 150 байгууллагад 438 сувилагч ажиллаж байгаа юм. Цаашид орон нутагтаа эмнэлгийн мэргэжилтнийг үргэлжлүүлэн бэлтгэхээр АШУҮИС-д саналаа хүргүүлээд байна.