Гурван аймгийн мал эмнэлгийн газарт 20 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийг эрчимжүүлэх төслийн хүрээнд аймгуудын мал эмнэлгийн лаборатори, сумдын малын эмч, мэргэжилтнийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, сургах малын эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, анхан шатны үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газарт нийт 20 нэр төрлийн 139.4 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг гардуулан өгчээ. Мал эмнэлгийн лабораторид орчин үеийн, нарийвчлал сайтай, өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж нийлүүлснээр малын халдварт өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах чадавхыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Үүнээс гадна анхан шатны малын эмч нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих багаж, хэрэглэгдэхүүнийг гардуулсан байна.
Улмаар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумдын малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинээр нийлүүлсэн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг үр дүнтэй ашиглах чадвар эзэмшүүлэх зорилтот сургалт зохион байгуулна. Үүнийг хэрэгжүүлснээр мал сүрэгт эмнэл зүйн үзлэг хийх, дархлаажуулалт, халдваргүйтгэл, шимэгчтэй тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлэх, тэдгээрийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Тус төслийг 14 аймагт хэрэгжүүлж байна.