ӨВӨРХАНГАЙ: “Өндөр гэгээний өвийг дээдлэн өнөд эгшиглэх хуураа хөглөе” аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-02-07 17:56:27

Арвайхээр, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр “Өндөр гэгээний өвийг дээдлэн өнөд эгшиглэх хуураа хөглөе” аяны нээлт боллоо.


Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд түүний өвлүүлэн үлдээсэн өв соёл, уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг жилийн турш аймгийн ЗДТГ, СУАЖГ-аас зохион байгуулах юм.



Хоёрдугаар сарын 18 буюу Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн өдрөөр уг ажлыг эхлүүлж, Жанлавцогзол номын утгыг тайлбарлах сонсгол, өсвөрийн морин хуурчдын “Монгол аялгуу” түүвэр тоглолтыг хийнэ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийг сурталчилж, морин хуураа хүндэтгэн дээдлэхийг айл өрхүүдэд уриална.


Ташрамд дурдахад, Засгийн газраас Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Занабазарын 390 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 4-нд гаргаж, Н.Учралаар ахлуулсан ажлын баг байгуулжээ. 








Холбоотой мэдээ