ДУНДГОВЬ: Бэлийн жас нь Дэрэн сумын жасаа хурлуудын нэг байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэрэн сум аймгийн төвөөс зүүн хойш 66 км
зайд оршдог, 362.4 мянган га газар нутагтай. Тус сумын нутагт он цагийн салхинд
илбүүлж, элэгдсэн эртний чулуун бүтэц, сүм хийдийн туурь, булш, хиргисүүр бүхий
түүх, өв соёлын үл хөдлөх дурсгал олон байдаг.
Тухайлбал, Бэлийн жасын туйр, Долоодын шар модны хөшөө
чулуу, бага талын хойд эхийн булш, бурхант хайрхны өврийн булш, хиргисүүр, Салаатын
харын хиргисүүр, Сүүдэрт овооны хиргисүүр, Тэгшийн жасын туйр, Хөх ишиг
хайрханы булш, Хүрэн дэлийн хүннү булш, Цагаан эргийн бууцны булш, хиргисүүр, Цант
хайрханы өврийн булш зэргийг дурдаж болно.
Сумын төвөөс баруун хойш 25 км-т Саруул багийн төвд орших
Бэлийн жас бол Дэрэн сумын нутагт байсан жасаа хурлуудын нэг. 1910-аад оны үед байгуулсан гэх уг
хурал 2 дугантай. Сарын болон жилийн том хурлуудын үеэр 50-60 лам цугладаг байсан
гэх түүх буй. 1937 оны эхээр Тэгшийн хийд, Жадамбын хийдийг хаах үеэр хурлын
үйл ажиллагааг хаасан бол 1990-ээд оны дундуур дуганы туурийн зүүн талд
нутгийн иргэд 2 суварга босгосон байна. Уг жасын хойно байрлах Саруул овоо нь
тахилгат уул юм.
Тэгшийн жасын туурь сумын төвөөс зүүн урагш Бумбатын
багийн төвд оршдог. Уг хийдийн хувьд 1710-аад
онд шав тавьсан хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг ба 10 орчим сум дуганаас
бүрддэг байжээ. 200 орчим ламтай, майдар эргэж, цам хурдаг байсан уг хийдийн
үйл ажиллагааг 1937 оны хаврын эхэн сард зогсоосон бол 1990 онд гол дуганы хойд
хэсэгт суварга босгосон байна.