ХСҮТ наймдугаар сараас роботоор мэс засал хийж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-11 14:14:32

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хавдар судлалын үндэсний төв роботоор мэс засал хийхээр төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.Тэгвэл ирэх наймдугаар сараас роботоор хагалгаа хийхээр болжээ.


Эмч нар хагалгааны явцад өвчтөний судсыг энгийн нүдээр хардаг байсан бол наймдугаар сараас роботын тусламжтай 10 дахин томруулж харах боломжтой аж. Роботоор хагалгаа хийснээр өвчтөний хэвлийг нээхгүйгээр хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийх юм байна.


Энэ талаар ХСҮТ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэхүү ярихдаа, “Бид анх удаа элэгний донорын хагалгааг дурангаар амжилттай хийлээ. Цаашид ч бусад мэс заслыг дурангийн аргаар хийнэ. Мөн роботоор хагалгаа хийхээр бэлдэж байна. Роботын хагалгаанд үндсэн найман сургагч багш бэлдэж байна. Нэг жилийн хугацаанд бэлдсэн бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд дуусна. Үүний дараа роботын хагалгаа хийж эхлэх юм. Энэхүү хагалгааг хийхдээ робот  мэс заслын өрөөнд байх бөгөөд роботын машиныг удирдаж байгаа хүн гэрээсээ, байгууллага дотроо, эсвэл хаана ч байсан удирдах боломжтой. Хамгийн гол нь өвчтөний бие рүү орж байгаа роботын гар мэс заслын өрөөндөө ажиллаж, бид холоос дурандаж удирдах юм” гэв.


Тус хагалгаа хийх төхөөрөмж нь гурван тэрбум орчим төгрөгийн үнэтэй. Робот мэс заслыг маш нарийн төхөөрөмжөөр хүний бие дээр аюулгүй, шинэлэг технологиор өндөр түвшинд хийх юм. Робот мэс засал  нь хэвлийг нээхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийхээс гадна мэс заслын хэсгийг маш тодорхой өсгөж харах, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга юм. Мөн хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдэлийг бууруулж, ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад улам илүү сайжруулдаг байна.

 

Холбоотой мэдээ