ӨМНӨГОВЬ: “Үе тэнгийнхэн-2025” сагсан бөмбөгийн тэмцээнд үе үеийн тамирчид оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ![](/files/67ab0fef20472.jpeg)
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул спортын мастер Д.Даваасамбуу агсны нэрэмжит “Үе тэнгийнхэн-2025” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнийг 2025 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Даланзадгад суманд зохион
байгуулж, 4 насны ангилалд 48 багийн 330 тамирчин оролцжээ.
“Үе тэнгийнхэн-2025” сагсан бөмбөгийн тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор 33 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд залуу, дунд, ахмад үеийнхний сагсан бөмбөгийн спортын идэвх оролцоог сайжруулж, залуусыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх бодлогыг дэмжиж, сагсан бөмбөгт сонирхолтой, үе үеийн тамирчдыг хамруулж байгаагаараа онцлог ач холбогдолтой боллоо.
Сагсан бөмбөгийн тэмцээний 18-33 насны ангиллын эрэгтэй багийн тэргүүн байрт Ёлууд баг, эмэгтэй багийн тэргүүн байрт 2010 оны төгсөгчдийн баг эзэлсэн бол 34-39 насны ангилалд эрэгтэй тэргүүн байрт 2009 оны баг тамирчид, эмэгтэй тэргүүн байрт 2008 оны баг тамирчид тус тус эзэллээ.