“Шинэ цас” каллиграфын үзэсгэлэнг нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ![](/files/67af006673e7a.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын орчин үеийн каллиграфчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ цас-2025” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Мэргэжлийн, урлагийн өндөр түвшинд зохион байгуулж, графикийн урлаг, ялангуяа үсгийн урлаг, шрифтийн урлагийн хэм хэмжээ, шалгуураар шилдэг бүтээлийг тодруулдгаараа өвөрмөц тус үзэсгэлэнг 2007 онд анх каллиграфын их мастер Д.Баттөмөр санаачилж байжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд 37 уран бүтээлчийн 60 гаруй бүтээл ирснээс шилдэг 25 бүтээлийг шалгаруулан үзэгчдэд толилуулж байна.
“Шинэ цас-2025” үзэсгэлэнд оролцогчид монгол цаасны хэмжээг баримтлан, цаасыг болгож наах аргаар бүтээсэн цаасан дээр бүтээлээ туурвисан нь онцлогтой ажээ. Монгол цаасны хэмээж буй хэмжээ нь 53х76 см бөгөөд үүнийг каллиграфын их мастер Т.Жамьянсүрэн “Шунхан барын Ганжуур”, “Өлзийт хааны захидал” зэрэг түүхэн дурсгалт бүтээлд хийсэн судалгаандаа үндэслэж гаргасан байна.
Тус үзэсгэлэнгээс энэ цагийн каллиграфын нэрт уран бүтээлчдийн уран бичлэгийн ур чадвар, дотоод ертөнцийг нэгэн зэрэг тольдох боломжтой.
Үзэсгэлэнгийн шилдэг бүтээл болох “Мөнх тэнгэрийн эрч”-ийг туурвисан О.Ням-Очир ярихдаа “2010 оноос уг үзэсгэлэнд оролцож байна. Өмнө нь зотон тосоор бүтээлээ хийдэг байсан бол энэ удаа бэх, цаасаар урласан. Тас хар, гүн цэнхэр өнгөнөөс татгалзаж, зөөлөн хөнгөн тооно дээр сэтгэл хөдлөл оруулж хийхийг зорьсон. “Мөнх тэнгэрийн эрч хүч орших болтугай” гэж бичвэрээ бичсэн. Монгол бичиг соёлоо гэсэн халуун сэтгэлийг өвөрлөж, үндэсний бичгээ сураарай гэж залуустаа хэлье” гэв.
Харин “Шилдэг залуу каллиграфч”-аар тодорсон Б.Зэсмаа уран бичлэгээр бичээд есөн жил болжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд их зохиолч Д.Нацагдоржийн “Анхны цас” шүлгийн мөртийг хулсан үзгийн тигээр бичсэн байна.
Тэрбээр, “Монголчуудын баримт бичгийн судруудыг харахаар хамгийн эртний тиг гэж харагддаг. Миний сонгосон шүлэг нь өөрөө маш гоё хайр дурлалыг харуулсан байдаг. Тиймээс орчин үеийн хэв маягийг хамгийн эртний сонгодог тигтэй хослуулбал хэрхэн харагдах бол гэсэн үүднээс энэ шүлгийг сонгосон” хэмээн ярилаа.