Монгол туургатан шатарчид “Эртний монгол шатрын бүтцийн антропологи”-ийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-21 15:09:28

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо, Монголын үндэсний музей, “Дуут урлан” компанитай хамтран “Эртний монгол шатрын бүтцийн антропологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.


10 хоногийн өмнө нээсэн монгол шатрын үзэсгэлэнгийн үргэлжлэл болсон энэхүү хуралд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хот, ОХУ-ын Буриад Улсын шатрын 30 орчим эрдэмтэн, багш нар таван сэдвийн хүрээнд илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Тухайлбал, эртний шатар судлаач А.Батзориг эртний монгол шатрын үүсэл, гарал, хөгжлийн асуудлын шинэ баримтаар баяжуулан нотлох, Монголын шатрын өв соёлын үнэ цэн, тэр дундаа “Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын туульс”-ыг судалж олон нийтэд сурталчлах уламжлалт оюун ухааны гайхамшгийг батлан таниулах зорилгоор илтгэл тавилаа. Харин Хятадын ӨМӨЗО-ы шатар судлаач Хүчитөгс “Шатарт агуулагдах тоглоомын цаадах философи, гүн ухаан” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан бол А.Пунсаг “Монгол шатрын онцлог”, Б.Баатархүү “Монгол шатрын бэлгэдэл” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.


Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь монгол шатар дэлхийн хамгийн эртний оюун ухааны тоглоом мөн болохыг нотлох, язгуур уламжлалт арга барил, өвлөн уламжлагчид, нутгийн онцлог байдлыг судалгааны эргэлтэд оруулж, олон улсын түвшинд сурталчлан таниулахад оршиж байгааг зохион байгуулагчид онцлов.


Уг эрдэм шинжилгээний хурал маргааш “Нүүдэлчин өв соёлоо дээдлэе” монгол шатрын туургатны тэмцээнээр үргэлжилнэ. Тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Хятадын ӨМӨЗО-ы шатарчид оролцох бөгөөд шатарчид үндэсний хувцастайгаар швейцар системээр найман өрөг тоглож, аваргуудаа тодруулах юм. 













Холбоотой мэдээ