Аль улсын иргэд хамгийн өглөгч вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-26 11:38:12

ЛОНДОН. /ВВС/. Дайны хөлд нэрвэгдсэн эсвэл хэдэн арван жилийн турш цэргийн харгис дэглэмд нухлагдаж байсан улс орнууд дэлхий дээр хамгийн өгөөмөр ард иргэдтэй болохыг судалгаагаар тогтоожээ.

Их Британийн “Charities Aid Formation” гэдэг буяны байгууллагаас гаргасан улс орнуудын өглөгч байдлын талаарх тайланд /World Giving Index 2016/ дурдсанаар, Иракийн ард иргэд гадаадын хүмүүст хамгийн эелдэг найрсгаар ханддаг бол мьянмарчууд хамгийн өгөөмөр хүмүүс ажээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд 10 ирак хүний 8 нь танихгүй хэн нэгэнд тусламж үзүүлсэн бол мөн төдий тооны ливичүүд бусдад гар сунган тусалсан байна. Мөн хугацаанд мьянмарчуудын 91 хувь нь буяны үйлсэд мөнгө хандивлажээ.

Харин өгөөмөр зан байдлаараа дэлхийд хоёрт орсон америкчуудын 63 хувь нь буяны үйлсэд мөнгө хандивласан бол 73 хувь нь таньж мэдэхгүй хэн нэгэнд тусалсан байна.

Улс орнуудын буяны ажилд оролцсон байдлын талаарх энэ оны жагсаалтын эхэнд Мьянмар улс бичигдсэнээр гурван жил дараалан уг жагсаалтыг тэргүүллээ. Тус улсын хүн амын талаас илүү хувь нь хандив өргөж, нийт иргэдийн 63 хувь нь танихгүй хүмүүст тусалсан байна.

Танихгүй хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлж, сайн дураараа хандив өгсөнөөр нь жагсаавал, Европоос Их Британи, Ойрхи Дорнодоос Арабын Нэгдсэн Эмирт Улс, Африкаас Кени, Латин Америкаас Гватемал зэрэг орнууд хамгийн өглөгч орноор "шалгарсан" байна.

Харин хятадууд дэлхий дээрх хамгийн харамч хүмүүс аж.

Энэ судалгаанд 140 орон тус бүрээс 1000 хүнийг сонгон оролцуулсан тул судалгааны дүнд алдаа зөрүү гарах магадлалтай гэж “Charities Aid Foundation” байгууллага мэдэгджээ.

Олон жил үргэлжилж байгаа мөргөлдөөн, хүчирхийллийн дунд амьдарч буй иракчууд болон ливичүүд танихгүй хүмүүст сайхан сэтгэлээр хандаж байснаараа бусад орны иргэдээс ялгарч байлаа. Гэхдээ энэ хоёр орны ард иргэд танихгүй хүмүүстэй найрсгаар харилцдаг эртний уламжлалтай тул дээрх байдал төдийлөн анхаарал татах зүйл биш юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ