ХӨВСГӨЛ: Бүх суманд дотор эрхтний нарийвчилсан шинжилгээ хийх боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар 2020 оноос эхлэн “Эрүүл мэндийг дэмжих” хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд сумдын Эрүүл мэндийн төвүүдийн лаборант нар 2 өдрийн сургалтад хамрагдаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сум биохимийн хагас автомат анализатор аппаратаар хангагдлаа.
Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар сумдын лаборант нартай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсон, санал солилцож лаборант нарт тоног төхөөрөмж гардуулан өглөө.
Дээрх тоног төхөөрөмжөөр хангагдсанаар 23 сумын Эрүүл мэндийн төв, 5 өрхийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй иргэд 63 үзүүлэлтээр элэг, бөөр, нойр булчирхай зэрэг дотор эрхтний үйл ажиллагааны нарийвчилсан шинжилгээг хийлгэх бүрэн боломжтой болж байна.