ОРХОН: Эрдэнэт медикал эмнэлэг бөөр оношлох сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт медикал” эмнэлэг эмч нарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор сургалт зохион байгууллаа. Орхон аймгийн анхан шатны эмнэлгийн буюу өрхийн эмч нар болон шинэ залуу эмч нарт, бөөр оношлох анхны шинжилгээ болох шээсний дэлгэрэнгүй шинжилгээг зөв танин дүгнэхэд сургалт чиглэгджээ.
Тус сургалтад 2, 3-р шатлалын эмнэлгийн 30 гаруй эмч нар хамрагдав. 2009 оноос Монгол Улс энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил “Таны бөөр эрүүл үү? эрт оношилгоондоо хамрагдаж, бөөрний эрүүл мэндээ хамгаалъя” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд “Эрдэнэт медикал” эмнэлэг хэвтэн болон өдрийн эмчилгээнд хамрагдаж буй иргэдэд бөөрөө хамгаалах талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулж, бөөрний архаг өвчтэй бүртгэгдсэн Эрдэнэт үйлдвэрийн ажилтан 20 гаруй өвчтөнийг эрүүл мэндийн даатгалаар үзлэгт хамруулан эмчилгээ, зөвлөгөө өгч ажиллаж байна гэж тус эмнэлгийн бөөрний их эмч Б.Алимаа ярилаа.
Дэлхий дээр 700 сая гаруй бөөрний архаг өвчтэй хүн байна. Халдварт бус нас баралтын өвчний эмгэгийн 16-д бөөрний өвчлөл жагсдаг байсан бол өнгөрсөн оны үзүүлэлтээр долоод болж урагшилсан нь анхаарал татаж байна.