СЭЛЭНГЭ: 1921 оны энэ өдөр МОНТА буюу МОНЦАМЭ агентлаг дэлхийд анхны мэдээгээ цацаж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын цахилгаан
мэдээний агентлаг МОНЦАМЭ “Монголчуудын бослого” нэртэй анхны мэдээгээ 1921 оны
3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор одоогийн Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг сумын нутгаас “МОНТА мэдээлэв” гэсэн эх сурвалжтайгаар
тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта агентлаг руу цацаж
байжээ.
Монгол ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлсөн тухай
энэхүү мэдээг 1921 оны 3 дугаар сарын 30-нд Дальта агентлагаас РОСТА
уламжилснаар Оросын “Правда” сонинд нийтэлж, дэлхий дахины сонорт Монголын
хувьсгалчдын харийн түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн анхны томоохон ялалтыг
тунхагласан байна.
МОНЦАМЭ агентлагаас “Монголчуудын бослого” мэдээ бүхий дурсгалын гэрэлт самбарыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штаб анх байрлаж байсан байрны хананд 2010 онд байрлуулсан байдаг.
Улмаар 2021 онд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн хүрээнд бүтээсэн жанжин Д.Сүхбаатар, И.Г.Демко нарын дүр бүхий цахилгаан мэдээ дамжуулж буй "МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" уран баримлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хүлээлгэн өгсөн юм.
Монгол ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтыг
/одоогийн Алтанбулаг/ хятадын гамин цэргээс чөлөөлж, Монгол ардын түр Засгийн
газар байгуулсан тухай МОНТА буюу
МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээг жанжин Д.Сүхбаатар Зөвлөлт Орос Улсын иргэн,
цэргийн зөвлөх-сургагч Г.Демкогоор бичүүлэн дэлхий дахинаа дамжуулсан түүхтэй.
Энэхүү үйл явдлын дурсгалд зориулан дээрх баримлыг МУЭ-ийн шагналт уран
барималч Л.Гантөмөрөөр 2021 онд бүтээлгэжээ.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн захирал М.Баярбаатар, түүхэн үйл явдлыг
харуулсан үзмэр нэгээр нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд үзмэрийг
холбогдох дүрэм журмын дагуу бүртгэлжүүлж, тухайн цаг үеийн үйл явдлуудыг
харуулсан бусад үзмэртэй агуулгыг холбосон байдлаар дэглэж тавина
гэдгээ тухайн цаг үед илэрхийлж байв.