Боксын спорт “Лос Анжелес-2028” олимпын хөтөлбөрт багтлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-19 09:31:27

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрчээ.


Анх 2022 онд баталсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард “Дэлхийн бокс” байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь нөхцөл байдлыг ийн өөрчилсөн байна. Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах ч тус хорооны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой гэж үзжээ.


Тэрбээр “Дэлхийн боксыг хоёрдугаар сард түр хугацаанд хүлээн зөвшөөрсний дараа бид энэ шийдвэрийг гаргах нөхцөл бүрдсэн. Хуралдаанаар хэлэлцэх ёстой ч энэ нь батлагдана гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр дэлхийн боксчид Лос Анжелесийн олимпод оролцох боломжтой болно гэжээ.


ОУОХ-ноос 2019 онд Олон улсын боксын холбоог засаглал, санхүү, шүүлт болон ёс зүйн асуудлуудаас болж эрхийг нь түдгэлзүүлснээс хойш өнгөрсөн хоёр олимпын тэмцээнийг өөрсдөө зохион байгуулсан юм. Дэлхийн боксын холбоог 2023 оны дөрөвдүгээр сард байгуулж, одоогоор 84 гишүүнтэй болжээ. Өнгөрсөн сард ОУОХ тус байгууллагыг түр хугацаанд хүлээн зөвшөөрөх гол шаардлагуудыг хангасан гэж үзжээ.


Дэлхийн боксын холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст энэ шийдвэрийн дараа Олимпын боксын хувьд маш чухал үйл явдал. Спортын ирээдүйд нааштай өөрчлөлт авчирна. Олимпын хөдөлгөөний нэг хэсэг байх нь нэр төрийн хэрэг. Хэрэв бокс Лос Анжелесийн наадмын хөтөлбөрт багтвал бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно” хэмээн хэлсэн байна.


ОУОХ-ноос зөвхөн Дэлхийн боксын холбооны гишүүн үндэсний холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтойг мэдэгдсэн бөгөөд эрхийн тэмцээнүүдийн товыг хараахан зарлаагүй байна.

Холбоотой мэдээ