Норвегийн цаначин Й.Клебо Дэлхийн цомд түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ТАЛЛИН, 2025 оны гуравдугаар сарын 20 /championat/. Олимпын таван удаагийн аварга, Норвегийн цаначин Йоханнес Клебо Олон улсын цанын холбооноос (FIS) жил бүр зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээнд нийлбэр оноогоор түрүүллээ.
Й.Клебо Эстонийн нийслэл Таллин хотноо лхагва гарагт болсон энэ улирлын тэмцээний 11-р шатанд чөлөөт спринт төрөлд түрүүлснээр 1928 оноотой болжээ. Ингэснээр 300 гаруй оноогоор хоцорч яваа Шведийн цаначин Эдвин Ангер түүнийг гүйцэх боломжгүй болсон байна.
Гуравдугаар байрт Норвегийн цаначин Харальд Амундсен (1439) оржээ. Цаначид Францын Лахти хотноо болох энэ улирлын Дэлхийн цомын сүүлчийн шатанд ганцаарчилсан гурван уралдаанд оролцох үлдээд байна.
Өдгөө 28 настай Й.Клебо дөрөв дэх удаагаа Дэлхийн цомын эзэн боллоо. Тэрбээр өмнө нь 2017/2018, 2018/2019, 2021/2022, 2022/2023 оны улиралд түрүүлж байсан юм.