Гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд газар чөлөөлөх сан байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-22 11:27:39

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд газар чөлөөлөлтийн сан байгуулахаар төлөвлөснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газар мэдээлжээ.


Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VIII хуралдаан боллоо. Хуралдаанаар өмнө хэлэлцсэн асуудлын үр дүн, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, тус дэд төвийг түшиглэн орон сууцжуулах тухай хэлэлцэв. Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөх ажил 68.8 хувьтай үргэлжилж байна. Орон сууцжуулах ажлыг 4 багцад хуваан эхлүүлж, 1,2 дугаар багц ажлын тендерийг зарласан. Ирэх 7 хоногт 3,4 дүгээр багцын тендерийг зарлахаар төлөвлөжээ. Эхний хоёр багцын орон сууцжуулах ажлыг 2027 онд багтаан дуусгахыг зорьж байна.


Газрыг чөлөөлснөөр тус бүс нутагт агаарын бохирдол 22.1 хувиар багассан байна. Сэлбэ дэд төвд 10,068 айлын орон сууц ашиглалтад оруулахдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг иж бүрнээр нь төлөвлөж, анхны 20 минутын жишиг хот бий болгох юм.



Холбоотой мэдээ