ТӨВ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол үгүйсгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны 3 дугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдвар авахгүй байхын тулд товлолт дархлаажуулалтын вакцинд заавал хамрагдах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Төв аймагт улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байгаатай холбогдуулан аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Нямсүрэнгээс тодрууллаа.
Баяндэлгэр суманд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол
бүртгэгдсэн ч ХӨСҮТ рүү явуулсан шинжилгээний хариу үгүйсгэгдсэн. Мөн Зуунмод
суманд сургуулийн дотуур байрнаас илэрсэн гэх мэдээлэл худал болохыг тэрбээр
хэлэв. Ингэснээр Төв аймагт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй.
Харин сэрэмжтэй байж хүүхдүүдийнхээ товлолт вакцины бүртгэлийг эргэн
нэг харж, хэрэв хийлгээгүй бол заавал хийлгэх шаардлагатай гэдгийг онцоллоо.
Гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан
өвчний 72 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатар,
Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдээд байгаа юм.