“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Тус сан сүүлийн нэг жилийн хугацаанд Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймагт бага насны хүүхдийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллажээ. Тэгвэл энэ удаагийн төслийг дээрх хөтөлбөрийн үргэлжлэл хэлбэрээр хэрэгжүүлэх аж.
Цаашид орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, дэд бүтцийн орчныг сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээс гадна шинээр зорилтот байгууллагуудыг нэмж, төслийг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Уг төслийг энэ сарын 30-наас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 641 940 ам.долларын санхүүжилттэй юм.
Төслийн талаар Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай хэлэхдээ, “Төслийн эхний ажлын хүрээнд зорилтот таван өрхийн эрүүл мэндийн төв, таван цэцэрлэгийн тусгай хэрэгцээт иргэн, хүүхдэд зориулсан хүртээмжтэй дэд бүтцийн засварыг хийж, налуу зам, туслах хэрэгсэл, ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуурыг шинээр суурилуулан ашиглалтад оруулсан. Мөн хөгжлийн дэмжлэг шаардлагатай хүүхдийн боловсролын хэрэгцээг хангах зорилгоор зорилтот таван цэцэрлэгт “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-ийг шинээр байгуулсан. Энэ мэтчилэн нэлээд ажил, аяныг зохион байгуулав. Аяны хүрээнд таван видео материал, гурван постер, дөрвөн амжилтын түүх, 17 нийтлэл, ярилцлага зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээлээ. Энэ аян сошиал орчинд нийт 3.3 сая хүнд хүрсэн” гэв.
Ташрамд дурдахад, Японы төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламж нь хөгжиж буй орнууд болон бүс нутагт Японы ТББ-аас хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд тус улсын Засгийн газраас санхүүжилт олгох тогтолцоо юм.