ДУНДГОВЬ: Говь-Угтаал сумын түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох хүн чулуун хөшөө Түрэгийн үед хамаардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвөөс баруун урагш 23
орчим км газарт байрлах Ар зүлэгт хэмээх газарт түүх, соёлын үл хөдлөх хоёр
дурсгал байдаг нь хүн чулуун хөшөө ба өргөргийн дагуу цуварсан 3 эгнээ зэл чулуу
юм.
Дундговь аймагт явуулсан археологийн хээрийн судалгаагаар
хүн чулуун хөшөөг Түрэгийн үед хамаарна хэмээн тодорхойлжээ.
Түүнийг тойруулан 4 чулуугаар дөрвөлжин хашлага үйлдсэн.
Хашлага чулуу нь хааш хаашаа 170 см хэмжээтэй. Хөшөө чулууны өндөр 123 см,
толгойгүй. Зузаан нь 30 см, өргөн нь мөр хэсэгтээ 45 см, бэлхүүс хэсэгт 35 см
ба суурь хэсгээрээ 40 см хэмжээтэй. Баруун гар нь цээж хавьцаа байх ба гартаа
хундага, харин зүүн гар нь ташаа орчим байрлаж, сэлмийн бариул дээрээс барьсан
байна.
Сэлмийн урт 71 см, өргөн 6,5 см. Хөшөө чулуу
нүүрэн талаараа урагшаа 45 хэм хазайсан байдаг. Бүсэндээ 12х10 см хэмжээтэй хэт, хавтага мэт
зүйл зүүсэн. Бүс 3 см өргөн, тойрог нь 106,5 см хэмжээтэй байна.
Зэл чулуун дурсгалын хувьд хоёр эгнээ байрласан зэл чулуу байх бөгөөд хойд талын эгнээнд 25 чулууг баруунаас тийш чиглэлтэй цувуулсан. Дундаа 210х140 см хэмжээ бүхий дөрвөлжин чулуун хашлага бүхий тахилын байгууламжтай.
Тахилын байгууламжаас зүүн тийш 14 чулуу, баруун
тийш 11 чулууг
босгосон. Урд талын
эгнээнд 7 чулууг цувруулан
босгосон байдаг ба хоёр эгнээ хоорондоо 20 орчим метр зайтай байрладаг.