Т.Нарангарав. Шийдвэр гаргахын тулд төлөөлөгч хүн маш олон талын байр сууринаас судалгаа нотолгоотой хандах ёстой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албанаас 19 сумын ИТХ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Сумдад ажиллахад ямар асуудлууд тулгамдаж байгааг аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангараваас тодрууллаа.
-Та бүхэн аль сумдаар ажиллав. Сумдын ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба хэр шинэчлэгдсэн бэ?
-Сумдын ИТХ-ын ажлын алба, Төлөөлөгчдийн үйл ажиллагаатай танилцаж, сургалт хийх, чадавхжуулах, сумдын төрийн байгууллагуудын нөхцөл байдалтай танилцан тухайн суманд тулгамдаж байгаа асуудлуудыг судлах зорилгоор 19 сумандаа ажиллах зорилттой байна. Бид өнгөрсөн долоо хоногт Баян-Өндөр, Сант, Баянгол суманд ажиллаад ирлээ.
2024 оны Орон нутгийн сонгуулийн дараа сумдын ИТХ-ын бүрэлдэхүүн нэлээн шинэчлэгдсэн. Сумдын хүн амын тооны үзүүлэлтээс шалтгаалаад ИТХ-ын бүрэлдэхүүнийг 15-29 төлөөлөгчтэй байхаар хуульчилсан. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүтэц багагүй шинэчлэгдэж, малчид, бизнес эрхлэгчид, боловсрол, эрүүл мэнд гэхчлэн салбар бүрээс хүмүүс сонгогдон орж ирсэн байна.
Төлөөлөгчид иргэдийн нэрийн өмнөөс сум, орон нутгийнхаа бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд ажиллах учраас мэдлэгтэй, чадвартай байх, хууль тогтоомжуудыг судлах, мэдэх шаардлага үүсдэг.
Сумынхаа нийтлэг эрх ашгийг зохицуулж авч явах, нэг, хоёр хүний төлөө биш, нийт иргэдийнхээ ая тухтай амьдрал, амгалан тайван байдал, орон нутгийнхаа хөгжлийн төлөө шийдвэр гаргаж ажиллах учраас Төлөөлөгч хүн өөрийгөө үргэлж дайчилж, цэнэглэж байх ёстой. Маш олон зүйлийг сурч, мэдэж байж шийдвэр гаргах түвшинд оролцох, иргэдээ төлөөлөх боломжтой юм.
Тиймээс Нутгийн удирдлагын байгууллагад олон жил ажиллаж мэргэшсэн албан хаагчид байдаг учраас манай Ажлын алба бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ сумдад очиж, Хурлын байгууллагын үйл ажиллагаа, тогтоол, шийдвэр гаргахтай холбоотой асуудлаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.
Нөгөө талдаа аймгийн бодлогыг тодорхойлно гэдэг нь 19 сумын хэмжээнд асуудлыг харна гэсэн үг. Аль сум ямар дүр төрхтэй, хэдэн хүн амтай, ямар байр байдалтайг төсөөлөхгүйгээр, өрөөндөө суучихаад шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байгаа учраас миний бие ажлын хэсэгтээ орж ажиллаж байна. Очсон сумандаа төрийн байгууллагуудаар нь ороод гарах, гудманд алхаж яваа иргэдтэй уулзаж, санал солилцох зэргээр ажиллалаа.
-Таны олж харснаар сумдын ИТХ-ын төлөөлөгчид аль салбарт илүү чадавхжих,
суралцах шаардлагатай байна вэ?
-Хоёроос дээш удаа сонгогдож байгаа, харьцангуй туршлагатай төлөөлөгчид байна. Шинэ хүмүүс ч олон байна. Саяны уулзалтаар нэлээн мэдлэг, ойлголт авсан байх аа. Наад зах нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг бүрэн судалсан байх ёстой. Тухайн амьдарч байгаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд шийдвэр гаргахад энэ хуулийн үйлчлэлийг заавал харах ёстой болдог. Цаашлаад төсвийн тухай болон бусад хууль тогтоомжууд гэхчлэн, ер нь хууль эрхзүйн мэдлэг олгох нэн шаардлагатай.
Би төлөөлөгчдөд нэг зүйлийг чухалчлан хэлж, бас асууж явлаа. “Та төлөөлөгч болсноос хойш таван сар өнгөрлөө. Хагас жил болох нь. Энэ хугацаанд сумынхаа байгууллага, албан газруудаар оров уу? Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн дотуур байраар орж үзэв үү? Танай сумын нутагт сэтгэл санаа зовоож буй, шийдэгдэхгүй байгаа ямар асуудал байна вэ? Тэрийг нүдээрээ харж, биеэрээ очиж үзсэн үү?” гэж асуулаа.
Шийдвэр гаргахын тулд төлөөлөгч хүн маш олон талын байр сууринаас судалгаа нотолгоотой хандах ёстой. Өөрөө тэр асуудлыг очиж үзээгүй, юу болоод байгааг ойлгохгүйгээр танхимд сууж байгаад гар өргөнө гэвэл бодит шийдвэр гарахгүй. Тэгэхээр та нар маань асуудалд өөриймсөг хандаад энэ дөрвөн жилд бид л энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодоод эзэн хүний сэтгэлээр бүх асуудалтайгаа нүүр тулаарай гэсэн чиглэл өглөө.
Төлөөлөгч хүн бол хурал зарлахаар очиж танхимд хэдэн цаг суучихаад явчихдаг хүн биш. Сум, орон нутгийг “айл” гэж бодох юм бол өрх нь өнгийчихэж үү, гэрийн бүрээс нь урагдчихаж уу, галын түлээтэй, ундны устай байна уу гэдгийг харж, айл гэрийн эзэн шиг зохицуулж, шийдвэрлэж ажиллах ёстой. Тийм учраас хуралдааны бусад цаг үед иргэдтэйгээ уулздаг, айл өрхөөрөө ордог, эргэх холбоотой ажилладаг байх чиглэлийг нэлээн сайн өгч явлаа.
-Сумдын ИТХ-д хэдэн төлөөлөгч сонгогдон ажиллаж байна вэ?
-Өвөрхангай аймгийн 19 сумын ИТХ-д нийт 433 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Тэдгээрээс анх удаа сонгогдсон 184, хоёр ба түүнээс дээш сонгогдсон 249 төлөөлөгч байна. Намын харьяаллаар нь авч үзвэл Монгол Ардын Намаас 275, Ардчилсан Намаас 197 төлөөлөгч сонгогдсон. Хүйсийн хувьд эрэгтэй 304, эмэгтэй 128 байна.
-Багийн ИНХ-ууд бас шинэчлэгдэж байгаа байх. Багийн хурал руу анхаарах
асуудал юу байдаг вэ?
-Багийн иргэдийн Нийтийн хурал бол
иргэдийн өөрийн удирдлагын байгууллага юм. Багийн ИНХ-ыг иргэдийн төлөөлөл оролцуулсан зөвлөлтэй байхаар хуульчилсан. Зөвлөл нь ИНХ-ын хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон
зарлах, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Багийн нутаг
дэвсгэр дээрх өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг бүрэн эрхийнхээ хэмжээнд
хэлэлцэн шийдвэрлэдэг учраас БИНХ-ын чадавхыг нэмэгдүүлэхийн тулд зөвлөлийн
гишүүдийг чадавхжуулах, иргэдэд сургалт мэдээлэл өгөх, эрх үүргийг нь ойлгуулах
ажлууд хийх л ёстой.