Окинавагаас нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-03-28 17:19:01

ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 28 /NHK/. Окинава мужийн баруун өмнөд хэсгийн алслагдсан арлуудаас онцгой байдлын үед хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг Японы Засгийн газар боловсруулжээ.  Уг төлөвлөгөөг Тайваньтай холбоотой гэнэтийн нөхцөл байдал үүсэх гэх мэт тохиолдлуудад хэрэгжүүлэх ажээ. 


Төлөвлөгөөнд тусгаснаар Сакишима арлуудыг хамарсан таван хотын иргэдийг нүүлгэн шилжүүлнэ. Ингэхдээ 120 мянга орчим оршин суугч, жуулчдыг Кюшүгийн 32 хот, зэргэлдээх Ямагүчи муж руу 6 хоногийн дотор нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ. Тэднийг мөн Фүкүока, Кагошимагийн нисэх онгоцны буудлуудад хүргэх ажээ.


Японы Өөрийгөө хамгаалах хүчин, эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд, мөн хувийн компаниудын гатлага онгоцууд, нисэх онгоцуудыг өдөрт 20 мянган хүнийг тээвэрлэхэд ашиглана. Улмаар Кюшүгийн долоон муж болон Ямагүчи мужийн 32 хотын зочид буудал, дэн буудлуудад хүргэхийн тулд түрээсийн автобус болон бусад тээврийн хэрэгслийг ашиглана.


Мөн өндөр настнууд, эмнэлэгт байгаа өвчтөнүүдэд үзүүлэх тусламжийн талаар болон нүүлгэн шилжүүлэх ажиллагаа сунжирсан тохиолдолд хэрхэх талаар цаашид судлахаар төлөвлөж байна. Засгийн газар 2026 оны санхүүгийн жилд үндсэн удирдамжийг гаргахаар төлөвлөжээ.

 



Холбоотой мэдээ