ХӨВСГӨЛ: Сургууль бүрд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх стандартын өрөөтэй болох санал хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны гуравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ХБНГУ-ын Барут хот, Япон Улс, БНХАУ-ын Дань дун хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Тэжон хоттой хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахаратай уулзлаа.
Уулзалтаар тус аймгийн Ерөнхий боловсролын 34 сургууль, Политехникийн коллежид шаардлага хангасан стандартын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг тохижуулж өгөх хүсэлт тавилаа.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн бүх сургуульд сэтгэл зүйч ажиллаж байгаа боловч шаардлага хангасан, зөвлөгөө өгөх стандартын байр байхгүй байна.
Тус өрөөг тохижуулснаар сэтгэл зүйчдийн ажиллах орчин бүрдүүлэх мөн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх юм.
Мөн өсвөр насны хүүхдийг амиа хорлох, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөл бүрдэх юм.
Элчин сайд М.Игавахара Монгол орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө хамтран
ажиллаж тус хүсэлтийг шийдвэрлэх талаар судалж үзэхээ илэрхийллээ.