И.Малинин оны шилдэг уран гулгагчаар шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БОСТОН, 2025 оны гуравдугаар сарын 31 /RT/. Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) уран гулгалтын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хошой аварга, АНУ-ын тамирчин Илья Малининыг оны шилдэг уран гулгагчаар тодрууллаа. “ISU Skating Awards” гагнал гардуулах ёслол уран гулгалтын энэ оны ДАШТ-ийг зохион байгуулсан Бостон хотноо болжээ.
Өдгөө 20 настай И.Малинин энэ улиралд ДАШТ, Гран-При тэмцээн болон АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Америкийн реппер NF-ийн “Running” дууны аянд түүний толилуулсан богино үзүүлбэр нь “хамгийн сонирхолтой” үзүүлбэрээр шалгарсан бол түүнийг дэглэсэн Ше-Линн Борн “оны шилдэг бүжиг дэглээч" шагналыг хүртжээ.
И.Малинины дасгалжуулагч Татьяна Малинина, Роман Скорняков нар "оны шилдэг дасгалжуулагч"-аар тодорсон байна.
“Оны шилдэг хос” номинацид дэлхийн гурван удаагийн аварга Мэдисон Чок, Эван Бейтс (2023, 2024, 2025) нар шалгарчээ. Узбекистаны уран гулгагчид болох Екатерина Гейниш, Дмитрий Чигирев нар "оны шилдэг шинэ уран гулгагчид" шагналыг хүртсэн байна. Өнгөрсөн оны ДАШТ-д тэд 10 дугаар байр эзэлж байсан юм.
1984 оны Олимпын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд аваргалж байсан Америкийн тамирчин Скотт Хэмилтон "уран гулгалтыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр" шагналын эзэн болсон байна.