ӨВӨРХАНГАЙ: Сүүлийн дөрвөн жилд үйлдвэрлэлийн ослоор дөрвөн иргэн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-04-02 17:20:43

Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2025” өнөөдөр эхэлж байна. Манай улсын хэмжээнд 2012 оноос эхлэн тогтмол зохион байгуулж ирсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг энэ жил “Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн 14 байгууллагаас төлөөлөл оролцож, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдалтай холбоотой хууль дүрэм болон AI-ийг ХАБЭА-д хэрхэн ашиглах талаар мэдээлэл авч, өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэдэг багаж, хувцас хэрэгслийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.


Аяны хүрээнд ХАБЭА хариуцсан ажилтнууд, зөвлөлийн гишүүдийг мэргэшүүлэх, ажил олгогчдыг мэдлэгээр хангах, нийгмийн түншлэлийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, байгууллагын төсөвт урьдчилан сэргийлэх ажлын зардлыг тусгуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.



2021 оноос хойш тус аймагт үйлдвэрлэлийн 23 осол бүртгэгдсэнээс дөрвөн иргэн хөнгөн, 15 нь хүнд хэлбэрийн бэртэл авч, дөрвөн иргэн нас баржээ. “Энэ нь бүртгэгдсэн ослын мэдээлэл бөгөөд зарим байгууллага үйлдвэрийн осол гарахад бүртгүүлдэггүй. Жишээ нь, зам тээврийн ослуудыг бүртгэвэл энэ тоо их гарна. Үйлдвэрлэлийн осол жил тутамд нэмэгдэж байгаа нь санаа зовоож байна” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга П.Пунсалмаа хэллээ. 


Үйлдвэрлэлийн осол нь ажил олгогчоос ихээхэн хамаардаг. Ажилтнуудаа хангалттай мэдээллээр хангадаггүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, зөв дадал хэвшил олгодоггүйгээс хамаардаг гэдгийг зөвлөгөөнөөр онцолж байлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нь тусдаа том байр бэлдэж, лаборатори байгуулаад тоног төхөөрөмж байршуулахын нэр биш, энэ бол ажилтан бүр өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм, журам юм.



Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн бүртгэл хангалтгүй байдаг. Үүнд технологийн дэвшлийг ашиглах боломжтой. Аюул илрүүлэх, ажлын байрны хяналт ба дүрэм, журмын хэрэгжилт, эрсдэлийн шинжилгээ, хариу арга хэмжээ зэрэгт AI буюу хиймэл оюун ухааныг ашиглах боломж байгааг өнөөдрийн сургалтаар онцлон танилцууллаа. 

Холбоотой мэдээ