Өлзийт сумын төвд сонгуулийн дахин санал хураалт явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-29 11:04:43

Дундговь аймгийн Өлзийт сумын Рашаант багаас сумын ИТХ- ын сонгуульд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин санал хураалтыг товлоод байсан. Өнөө өглөө тус багт дахин санал хураалт эхэллээ.

Рашаант нь Өлзийт сумын төвийн баг бөгөөд 330 сонгогчтой. Үүнээс хаягтаа оршин сууж байгаа 140 гаруй сонгогч өнөөдөр дахин санал өгөх юм байна.

Эхний санал хураалтаар сонгогчид тус багийн 4 мандатад нэр дэвшигчдийг сонгож байсан бол одоо зөвхөн санал тэнцсэн хоёр нэр дэвшигчийн аль нэгийг сонгоно гэдэг зааварчилгааг сумын сонгуулийн хорооноос сонгогчдод өгсөн байна. Саналын хуудсыг ч  хоёр нэр дэвшигчийн нэртэйгээр хэвлүүлж, дахин сонгуулийн зардлыг сумын ЗДТГ хариуцсан. Өнөөдөр санал авах байрт 14 төрийн албан хаагч сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж байна гэж Өлзийт сумын сонгуулийн хорооны дарга Б. Хорлоо хэллээ.

Өлзийт сумын ИТХ- ын 21 мандатын 14- ыг АН- ын нэр дэвшигчид авч олонхи болсон бөгөөд Рашаант багийн хувьд санал тэнцсэн хоёр дэвшигч нь АН-ынх  тул дахин санал хураалтаар намуудын авсан мандатын тоонд өөрчлөлт орохгүй юм.

Нэг намын хоёр нэр дэвшигч ингэж санал тэнцэж байсан тохиолдол тус багт урьд нь гарч байсан. Тодруулбал, 2008 оны орон нутгийн сонгуулиар МАН-ын хоёр нэр дэвшигч санал тэнцэж, нэг нэр дэвшигч нэрээ татаж байжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ