ЗАВХАН: Хөрш аймгуудад алба хааж буй цэргүүдээ эргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны дөрөвдүгээр
сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хөрш зэргэлдээ
аймгуудад алба хааж буй цэргүүдийг эргэх, эцэг эхийн нэг өдөр үйл ажиллагааг
зохион байгуулжээ.
Эцэг эхийн нэг өдрийг Архангай, Баянхонгор аймгуудад очиж зохион байгуулсан байна. Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 342 дугаар ангид Завхан аймгийн 13 сумын 40 гаруй цэрэг алба хааж байна.
Архангай аймаг дахь барилга, инженер, экологийн Зэвсэгт хүчний 342 дугаар анги, Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамтарсан эцэг эхийн нэг өдөр үйл ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Гэрэлт-Од болон Завхан аймгаас хугацаат цэргийн алба хааж буй цэргүүдийн аав ээж, гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр цэргүүдийн алба хааж буй цэргийн ангийн нөхцөл байдалтай танилцаж, цэргийн албаа хааж буй хугацаандаа мэргэшин суралцаж байгаа сургалтын үйл ажиллагааг үзэж сонирхлоо. Архангай аймаг дахь Зэвсэгт хүчний 342 дугаар анги нь байгуулагдаад удаагүй бөгөөд хоёр дахь ээлжийн цэргүүд нь алба хааж байна.
Улс эх орныхоо бүтээн байгуулалтад цэргүүдээ оролцуулж, хатуу хучилттай авто замын төсөл буюу газрын тос боловсруулах үйлдвэр барих, авто зам, төмөр замын бүтээн байгуулалтад албаа хааж буй цэргүүд оролцож байна. Бүтээн байгуулалтад оролцсон цэргүүдийн ажилласан өдрийн цалинг тооцуулан нэрийн дансанд нь байршуулдаг тухайгаа Цэргийн ангиас мэдээлэл өгчээ.
Мөн Цэргийн алба хааж буй цэргүүд нь
сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжийг нь олгож байгаа ажээ. Тухайлбал Архангай
аймгийн Политехник коллежтой хамтран барилга өрөг угсралт, дрон нислэг, хөдөө
аж ахуйн машин механизм засвар, ойжуулагч, гагнуурчин, барилгын засал чимэглэл,
цахилгаанчин мэргэжлээр цэргүүдээ суралцуулж, мэргэшил эзэмшүүлж байгаагаа
ангийн удирдлага үйл ажиллагааны үеэр танилцууллаа.
Цэргүүд алба хаах хугацаандаа жолооны В,С ангиллаар суралцаж төгсөхөөс гадна компьютер, монгол бичиг, англи хэлний хичээлүүдэд хамрагдаж байгаад эргэхээр очсон эцэг эхчүүд талархал илэрхийллээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Цэргүүд эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлжээ
Цэргүүд алба хаах хугацаандаа үндэсний монгол бичиг, англи хэлийг сурч байна
Цэргүүд алба хаах хугацаандаа жолооны В,С ангиллаар суралцаж төгсөх юм. Гэрэл зургуудыг З.Ариунтуяа