Нийслэлийн 377 жилийн ой өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-29 13:30:37

Улаанбаатар хот байгуулагдсаны 377 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Түүхт өдрийн хүрээнд ёслол хүндэтгэлийн чанартай олон үйл явдлууд болж байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнан, хүүхэд залуучууд хотынхоо түүхээр бахархах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Ингээд өнөөдөр түүхт 377 жилийн ой нь тохиож буй Улаанбаатар хотын талаарх зарим сонирхолтой мэдээ мэдээллүүдээс хүргэе.

Хотын түүх

Монголын нууц товчоонд тэмдэглэн үлдээснээр тэртээ XII зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байжээ. Энэ газрыг одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндий гэж судлаачид үзсэн байдаг. Нийслэл хот одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд энэ газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их Хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдэж байжээ. 1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд нийслэл хүрээ эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны Үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо ийнхүү ургах нарны Улаанбаатар гэж нэрлэсэн түүхтэй.

Нийслэлийн сүлд тэмдэг:

Нийслэлийн сүлд тэмдэг нь Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьд юм. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжин хөгжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулдаг. Нийслэлийн сүлд тэмдэг Хангарьд нь магнайдаа төрт ёс, эрдэм мэдлэгийн бэлгэдэл соёмботой, баруун гартаа түмэн олондоо үүд хаалгаа цэлгэр сайхнаар нээж өөдлөн дэвшихийн санааг илэрхийлсэн очир бариулт түлхүүртэй, зүүн гартаа энэлэн үгүй ариун тэгш оршихуйн баталгаа бадам цэцгийг нандигнан барьж, аливаа хорын үндсийг эгнэгт устган дарах санааг гишгэн зогсож буй могойгоор илэрхийлсэн байдаг.

Нийслэлийн туг:

Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй байна. Нийслэлийн туг нь нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулдаг. Тугны өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай.
 

Б.Туул

Холбоотой мэдээ