11 дэх удаагийн “UB Food” өдөрлөг узбек хоолны соёлыг онцолж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ.
Долоо хоногийн турш Сүхбаатарын
талбайд үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа эхний өдрөөсөө л олны хөлд дарагдав. 11
дэх жилдээ болж буй фестивалийн гол онцлог нь Узбекистанаас манай улсад
ирсэн мастер зэрэглэлийн 10 тогоочийн гарын хоол байх юм.
Тодруулбал, тэд узбек үндэстний брэнд болох плов, шорлог, самса, казан кебаб зэрэг хоолыг амтлуулж, тус улсын хоолны соёлыг монголчуудад таниулж байна. Түүнчлэн Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн гал тогооны лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалийг зохион байгуулна. Учир нь манай улсад аялал жуулчлалын улирал үндсэндээ зургаа, долоодугаар сард эрчимждэг. Харин аялал жуулчлалын эрчим сул байдаг дөрөв, тавдугаар сард жуулчдыг татах зорилгоор “UB food” фестиваль шиг олон улсын үйл ажиллагааг зохион байгуулахыг зорьж байна. Мөн хотын иргэдэд олон үндэстний хоолны соёлыг сонирхуулж, дараагийн жилүүдэд ямар үндэсний хоолны өдөрлөг хийх судалгааг иргэдээс авсны үндсэн дээр зохион байгуулна” гэдгийг хэллээ.
Фестивалийн талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярихдаа, “Энэхүү хоолны өдөрлөг нь 11 дэх жилдээ болж байна. Дэлхийн бүх хотод үндэсний хоолыг түгээн дэлгэрүүлж, сурталчлах, тухайн иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж хоолны фестивалийг зохион байгуулдаг. Яг энэ жишгээр нийслэлд зохион байгуулж, иргэд ч хүлээдэг болсон. Энэ жилийн онцлог нь Узбекистанаас 10 мэргэжлийн тогооч ирж узбек хоолыг хийж байна. Түүнчлэн чиг үүргийн байгууллагууд иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа” гэв.
10 мянган хүний багтаамжтай асарт зочилж хоолны амталгаа хийхийн тулд иргэд хамгийн түрүүнд 5000 төгрөгийн тасалбар авч байна. Улмаар шорлог, плов, самса, казан кебабыг хэрхэн хийхийг харахаас гадна үнэ төлбөргүй амталгаа хийж, уралдаанд оролцох боломжтой. Энэхүү өдөрлөгт зориулж узбек тогооч нар өөрийнхөө улсаас тогоо, будаа, амтлагч тэргүүтэй хоолонд ашиглаж болох бүхий л бүтээгдэхүүн, хэрэгслээ тусгайлан авчирчээ. Нэг тогоо нь 300-800 литрийн багтаамжтай бөгөөд 1000 литр хоол хийх боломжтой аж.
Нэг тогоонд 500 кг плов хийх боломжтой бөгөөд орцонд 100 кг мах, 100 кг будаа, 40 кг тос болон үзэм, амтлагч багтжээ.
Узбекистанаас ирсэн тогооч
нарын багийн ахлагч Күлиджанов Садик ярихдаа, “Монголын ард түмэнд өөрсдийн узбек
үндэсний хоолыг бэлтгэж, амтлуулахаар ирсэн. Өнөөдрийн байдлаар плов,
самса, шорлог, казан кебаб гэсэн дөрвөн төрлийн хоолыг бид нийслэлийнхэнд амтлуулахад бэлэн боллоо. Узбек
үндэсний хамгийн гол хоол нь плов юм. Хурим найр, баяр ёслолыг пловгүйгээр
төсөөлөхийн аргагүй. Пловгүй хурим найр, ёслол
байдаггүй ээ. Бид Монголын үндэсний хоол болох лапша буюу гурилтай
шөлийг хийж үзсэн, үнэхээр таалагдсан” хэмээлээ. Өдгөө 60 настай түүний хувьд
30 жил тогоочоор ажиллаж байгаа бөгөөд олон улсын VI зэрэглэлтэй тогооч ажээ.
Нийслэлийнхэнд дэлхийн олон орны хоолны соёлыг түгээх зорилгоор зохион байгуулдаг “UB Food” фестивалаар энэ жил нэг үндэстний хоолыг онцгойлон иргэдэд танилцуулж буйгаараа онцлогтой. Ингэхдээ иргэд 5000 төгрөг төлснөөр үнэ төлбөргүй амталгаа хийх боломжтой болж байна. Харин өмнөх жилүүдэд манай улсад үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын ресторан, зоогийн газрууд 10-40 хувийн хямдралтай үнээр иргэдэд үйлчилж, хоолоо сурталчилдаг байсан юм. Түүнчлэн хоолны фестивалийг зун, намар зохион байгуулдаг байсан бол энэ жил анх удаа хаврын улиралд болсноороо онцлогтой.
“UB Food” фестивалийн үеэр залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээн болох юм. Энэхүү асар нь манай улсад барьсан хамгийн том хэмжээтэй аж. Фестивалийн дараа уг асарт “Циркийн долоо хоног”, цахим спорт, шагайн спорт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зэргийг зохион байгуулан аялагч, жуулчдын анхаарлыг татахаар төлөвлөжээ.