Ипотекийн зээлийн эргэн төлөлт 97.8 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-04-15 16:42:07

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2025 оны 3 дугаар сарын эцэст 22.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.


Түүний 19.1 их наяд төгрөг нь иргэдийнх, 3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Валютын хадгаламж 5 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 466.6 тэрбум төгрөгөөр өсжээ.


Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 3 дугаар сарын эцэст 38.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 9.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Зээлийн өрийн үлдэгдлийн 59.4 хувь нь иргэд, 37.9 хувь нь хувийн байгууллага, 1.2 хувь нь төрийн байгууллага, 1.5 хувь нь санхүүгийн байгууллага байна.


Арилжааны банкнуудын хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 35.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 9.4 их наяд төгрөгөөр өсжээ. Гэхдээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.8 хувийг хэвийн зээл эзэлж байна.


Мөн анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 280.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4 хувьтай тэнцсэн байна.


Улмаар чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 9.5 тэрбум төгрөгөөр буурчээ . Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл буурч байгаа нь хамгийн сайн үзүүлэлт. Гэхдээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5 хувийг эзэлжээ гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.


Монголын Ипотекийн корпорац болон арилжааны банкнуудаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 2 дугаар сарын эцэст 9.7 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Ипотекийн зээлийн үлдэгдлийн 9.5 их наяд төгрөг хэвийн зээлийн ангилалд багтсан байх юм. Эндээс харвал уг төрлийн зээлийн эргэн төлөлт 97.8 хувьтай байна.  


Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 3475.38 төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 99.2 төгрөгөөр суларсан байна. Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3768.52төгрөг болж, 100.1 төгрөгөөр суларчээ. Мөн рубльтэй төгрөгийн харьцах сарын дундаж ханш 40.74 төгрөг болж, 4 төгрөгөөр суларсан аж. Улмаар юаньтай төгрөгийн харьцах сарын дундаж ханш 479.56 төгрөг болж, 10.8 төгрөгөөр суларсан байгаа юм.


Энэ оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 12.7 хувийг гадаад цэвэр актив, 87.3 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлжээ. Гадаад цэвэр актив урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 4.5 их наяд төгрөгөөр, өмнөх 2 дугаар сараас 234.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

Холбоотой мэдээ