Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-17 16:52:47

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.


Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцсэн бөгөөд наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг ерөнхий найруулагч Н.Наранбаатар өгчээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй байх бөгөөд Монгол Улсын газар нутаг, ард түмэн, төр гэсэн өргөн утга агуулгатай байхаар төлөвлөжээ.


Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол болон Хүндэтгэлийн тоглолтын үзэгдэл хоорондын залгааг маш тодорхой болгох, илэрхийлэх гэж буй санаа зорилгоо зөв гаргахад анхаарах, нээлтийн ёслолыг орой нь дахин тоглох учраас гэрэлтүүлгийн асуудлыг цаг алдалгүй шийдэх хэрэгтэй” гэдгийг санууллаа.


Мөн энэ жилийн наадмыг гадаадын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид үзэх тул улс орныхоо өв соёл, онцлог байдлыг энгийн ойлгомжтой байдлаар харуулахад онцгойлон анхаарахын зэрэгцээ зарим орны найрамдалт харилцааг харгалзан үзэж, үзүүлбэрүүдээ бэлдэхийг онцгойлон анхааруулсан байна.


Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Монгол орныг нийт долоон бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү бодлоготой уялдуулан Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолд бүсүүдийн онцлог давуу тал, өв соёлыг тусгах нь гэдгийг хуралдааны үеэр Шадар сайд онцолжээ.


Наадмын хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчийн багуудын танилцуулгыг хийж, ирэх долоо хоногийн ээлжит хуралдаанаар сонгон шалгаруулалтыг эцэслэх юм. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын эхний үзлэгийг ирэх зургаадугаар сарын 15-нд үзэхээр тогтжээ.



Холбоотой мэдээ