Зүүн аймгуудын нутгаар цас орж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-04-23 09:01:38

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.  


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.


Ихэнх нутгаар өмнөх өдрөөс сэрүүсэж Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1-+4 градус, Дархадын хотгор, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3-+8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17-+22 градус, бусад нутгаар +10-+15 градус дулаан байна.


Говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ