АРХАНГАЙ: Нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулж байна
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймагт Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэг үзлэгийг эхлүүллээ.
Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид суралцаж буй 1700 гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчилж, зөвлөхөөр бэлтгэл ажлыг хангаад байна.
Мөн 24/3 шүд угаах аяныг эхлүүлж, хүүхэд бүр 24 цагт 3 удаа 3 минутын турш шүдээ угаах зөв дадалд суралцахаар боллоо.
Хүүхдийн зүрхний эмгэгийн илрүүлэг үзлэгт хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэх ба өөрчлөлттэй илэрсэн тохиолдолд гэрээ байгуулсан гуравдагч шатлалын эмчийн үзлэгт Архангай аймагтаа хамрагдах боломжтой юм.
ЕБС-ийн сургуулиудын эмч, нийгмийн ажилтнууд, анги даасан багш нар нүдний эмгэг илрүүлэх үзлэгийг тусгай хэрэглэгдэхүүний тусламжтайгаар хийх ба өөрчлөлттэй илэрсэн хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд шилжүүлнэ.
Тус эрт илрүүлэг үзлэгийн хүрээнд шүдний үзлэгийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулсан шүдний эмнэлгүүд ЕБС-иуд дээр үзлэгийг зохион байгуулах ба эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг 2 дахь үзлэгт хамруулан эмчлэн эрүүлжүүлэх юм.
Одоогийн байдлаар Архангай аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан, хүүхдийн шүдний үзлэгийг эхлүүлээд байна.
Мөн энэ үеэр аймгийн нийт ЕБС-иудын эмч, нийгмийн ажилтнуудад зургаан настай хүүхдийн хараа шалгах хэрэглэгдэхүүнийг хэрэглэх, хүүхдийн нүдний эрт илрүүлгийг зохион байгуулах талаар чадавхижуулах хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.