“Микро лион робот-2025” тэмцээнд 37 сургуулийн 350 гаруй сурагч ур чадвараа сорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн энэ сарын 3-4-нд боллоо.
Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах зорилготой уг тэмцээн Монгол инженер, залуучуудын зохион бүтээсэн “Лион робот” сургалтын төхөөрөмжийг ашигладгаараа онцлогтой. Энэ жил анх удаа дроны тэмцээн шинээр нэмэгдсэн нь орчин үеийн технологийн хөгжлийг сурагчдын суралцах арга барилтай уялдуулах, оролцоог нэмэх, тэмцээнийг илүү сонирхолтой, өргөн хүрээтэй болгоход чухал түлхэц болжээ.
Энэхүү тэмцээнд нийслэл, орон нутгийн 37 сургуулийн 160 баг 350 гаруй сурагч оролцож, өөрсдийн зохион бүтээсэн роботоор мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээ, авхаалж самбаагаа сорьсон байна. Мөн тэмцээнд сурагчид хөл бөмбөг тоглодог робот, сумо, лего, зураас дагагч, шоо цуглуулагч робот, дрон зэрэг найман төрөлд нас насны ангиллаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
Уг тэмцээн хүүхэд, багачуудад математик, физик, мэдээлэл зүй, технологи зэрэг хичээлийн суурь мэдлэгийг бодит хэрэглээ болгон амьдралд турших боломжийг олгодгоороо давуу талтай. Тэмцээний үр дүнд сурагчид электроник, програмчлалд анхан шатнаас ахисан түвшинд суралцаж дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд оролцож ур чадвараа сайжруулж, ирээдүйн чадварлаг инженерийг бэлдэж байгаа аж.
Нийслэлийн боловсролын газар,
Баянзүрх дүүргийн ЗДТГ, Зохион бүтээгчдийн академи, “Лион робо” компани хамтран зохион байгуулжээ.