ДУНДГОВЬ: “Ногоон Дундговь” үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5 дугаар сарын 7-8-нд Дундговь аймгийн төв талбайд “Ногоон
Дундговь” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Байгаль орчны газар, Сум дундын ойн анги,
Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Ус цаг уур
орчны шинжилгээний төв, "Шимт бор" ХХК, "Мөнх ногоон тал"
ХХК, “Говийн алтан үр” ХХК, “Хурын шим” ХХК болон тариалан эрхлэгч иргэд
оролцож буй.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дундговь аймаг 30 сая мод тарих ба энэ жил өрх бүрийг хашаандаа таваас доошгүй, аж ахуйн нэгж байгууллага бүрийг
тавиас доошгүй мод тарих уриалга гаргасан.
Тиймээс бүх нийтээр мод тарих өдрийг угтан зохион
байгуулж буй тус үзэсгэлэнд алим, үхрийн нүд зэрэг жимсний мод, шинэс,
гацуур, хайлаас, улиас, голт бор, агч, жигд, улаан сухай, шар хуайс зэрэг модны
суулгац, төмс, хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо, тасалгааны болон мандлын
цэцгийн үр, үрсэлгээ, зүлгийн үр зарж байгаа төдийгүй газар тариалангийн тоног
төхөөрөмж, багаж хэрэгслийг танилцуулах, ногоон ажлын байр, хог
ангилах дадал сургалт, байгалийн амин дэмтэй бүтээгдэхүүн зэргийг худалдаж
байгаа юм.
Үзэсгэлэнд хайлаасны үрсэлгээ 2000, улиас 2000, голт
бор 5000, агч 5000, жигд 3000, улаан сухай 2500, шар хуайс 3000, алимын мод
45000, монос 10000-15000, шилмүүст мод 25000-108000 төгрөгийн үнэтэй байна.
Түүнчлэн үзэсгэлэн, худалдааны үеэр тус аймгийн Байгаль орчны газар, Сум
дундын ойн анги, ХХААГ зэрэг мэргэжлийн байгууллагууд иргэдэд мод, цэцэг,
хүнсний ногоо тариалах чиглэлээр зөвлөгөө
өгөх үйлчилгээ үзүүлж байгаа юм.









