Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт монгол цэргүүд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Москва, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:00 цагт боллоо.
ОХУ-ын БХЯ-ны мэдээллээр Ялалтын ойн цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянга 500 цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцов. Мөн энэхүү ёслолын жагсаалд гадаадын 29 орны удирдагчид оролцсон юм.
Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн
оролцсоныг онцлон дурдах учиртай. Тодруулбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний
цэргийн алба хаагчид ОХУ-д дөрөвдүгээр сарын 25-нд очиж, БХЯ-ны харьяа
“Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикистан,
Туркменистан улсын цэргийн багтай байрлан бэлтгэлээ хийсэн юм.
© Фотохост-агентство РИА Новости
Баярын жагсаалд оролцсон Монгол Улсын дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан командлав.
Ялалтын баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцож байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдөр Улаан талбайд болсон Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн “Ялалтад тэмүүлсэн морьд” дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд 25 хүнтэй салааны бүрэлдэхүүн ОХУ-ын хүндэт харуулын салааны хамт өчигдөр оролцжээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар дайчдадаа цэргийн ёслолын жагсаалд амжилттай оролцож, монгол цэргийн цог жавхааг сүр жавхлантай харуулахыг захьсан байна.
Энэхүү жагсаалд оролцсон дайчдыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан командалж, монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2 багтжээ. Үүнээс ёслолын жагсаалд 75, бэлтгэн оролцуулах удирдлагын бүлэг таван хүнтэй байна.
Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээг сурвалжлах гол талбар болсон Олон улсын хэвлэлийн төвөөс олон орны томоохон телевизийн суваг, хэвлэл мэдээлийн агентлагууд цэргийн ёслолын жагсаалыг цацжээ.
Олон улсын хэвлэлийн төв нь 2.5 мянга гаруй итгэмжлэгдсэн сэтгүүлчийг
нэгэн зэрэг хүлээн авах боломжтой бөгөөд 5 дугаар сарын 8-нд Москвагийн цагаар өглөөний 6 цагт үүд
хаалгаа нээж тавдугаар сарын 10-ныг хүртэл ажиллах юм. Энд гадаадын хэвлэл
мэдээллийнхэн олноор цугларч мөн зарим барууны мэдээллийн агентлагуудын
төлөөлөгчид ч иржээ.
Ойн баярт Дэлхийн II дайны үед Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид болон Халх голын тулалдаанд сувилагчаар ажиллаж байсан ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нар оролцож буйгаараа онцлогтой.
Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээ ОХУ-ын нийслэл Москва хот болон бусад хотод үргэлжилж байна.
© Фотохост-агентство РИА Новости