“Цогт хунтайжийн санаашрал” баримтат кино үзэгчдийн хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-12 14:35:19

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сангийн бүтээл “Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног энэ сарын 9-нд тус номын сангийн мини кино театрын анхны үзвэрээр толилуулж, нээлээ.


Тус баримтат киног Монгол Улсын Үндэсний номын сангаас “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлж, бичээсний 400 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд Их эрдэмтэн, академич Б.Ринчений мэндэлсний 120 жилийн ой, "Цогт тайж" киноны 80 жилийн ойг тохиолдуулан Үндэсний бичиг үсгийн баяраар нээсэн аж.


Эл баримтат киног бүтээхэд Цогт хунтайжийн түүхэнд холбогдох газар нутгаар зураг авалт хийж, Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалж буй түүхэн сурвалж бичигт тулгуурлан зохиолыг гаргаж, олон нийтэд дэлгэн харуулсан түүхэн сэдэвт утга уянгын баримтат кино юм.


Уг баримтат киног Үндэсний Номын сангийн мини кино театрын дэлгэцээр энэ сарын 23-ныг хүртэл олон нийтэд толилуулах юм.

 

Холбоотой мэдээ