Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналыг анх удаа Монгол багшид олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянгыг нэр дэвшүүлжээ.
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутам Зүүн Өмнөд Азийн орнууд болон Тимор-Лестед “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ыг олгож ирсэн. Тус шагнал нь боловсролын салбарт тууштай зүтгэсэн, хүүхдүүдийн амьдралд бодит нөлөө үзүүлсэн багш нарыг хүндэтгэн алдаршуулах, тэдний мэргэжлийн хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Тус шагналын хамрах хүрээг 2025 оноос өргөжүүлж Бангладеш, Бутан, Монгол Улс анх удаа багтсан байна. Уг шагналыг "Энэрэл" мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын менежер А.Уянга эрхэмсэг гүнжээс энэ оны аравдугаар сарын 15-нд шагналаа авах юм.
Мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалтай тус шагналын сангийн дарга доктор Криссанапон Киртикара тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэрээ уулзаж “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургууль болон Тайландын ивээл дор төсөл хэрэгжүүлсэн сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв.